Банк, санхүү

Чанаргүй зээлийн хэмжээ есөн хувьд хүрэх таамаг дэвшүүллээ 2015-09-29 10:47

Салбаруудын үзүүлэлт ар араасаа сайнгүй гарч буй сүүлийн саруудад банк, санхүүгийн салбар харьцангуй тогтвортой байгаа. Энэ нь урьдчилсан арга хэмжээ авч эрсдэлээ тооцоолж буйд бий гэдгийг Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон хэлсэн. Мөн тэрбээр эдийн засгийн нөхцөл байдал ирэх жилд ч сайнгүй байх учир чанаргүй зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс банкууд зээлээ хумьж эрсдэлээ тооцон ажиллах хэрэгтэй гэдгийг Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хэлсэн. Наймдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээл 11.8 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар буурсан тухай Монгол банкнаас мэдээлж буй. Нийт зээлийн 54 хувь нь хувийн байгууллага, 44 хувийг нь иргэдийн зээл бүрдүүлж буй аж. Үүнээс чанаргүй зээлийн хувь найман сарын байдлаар 7.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өссөн талаар чанаргүй зээлийн наймдугаар сарын тайланд дурьджээ.
 й
2009 оны эдийн засгийн хямралын үед чанаргүй зээл 17.3 хувьд хүрч үүнээс хойш тасралтгүй буурч байсан хэдий ч өнгөрсөн оноос огцом өсч эхэлсэн байна. Мөн энэ онд зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ буурч байх үед чанаргүй зээлийн өсөлт өндөр байгаа нь таагүй үзүүлэлт. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт чанаргүй зээлийн хэмжээ 865.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 39 хувиар өсчээ. 
 
Банкны салбарын чанаргүй зээл /Наймдугаар сарын байдлаар/
 
ДНБ-ний өсөлт саарсан, мөнгөний нийлүүлэлт хэт их байсан нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  Мөн хөрөнгө оруулалт сэргэхгүй, төгрөгийн ханш суларсаар байгаа нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд доголдол бий болж зээл чанаргүйдэх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзжээ. 
 
Өнгөрсөн оны байдлаар дэлхийн бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсын чанаргүй зээлийн хувь хэмжээ дундуур байр эзэлж байна. Шилжилтийн эдийн засагтай орнуудад нийтлэг ажиглагддаг зүйл нь санхүүгийн салбар нь банкны салбараас хамааралтай байх явдал байдаг. Тиймээс манай улсын хувьд эдийн засагт банкны салбарын үзүүлэх нөлөө тун өндөр. 
 
2009 оны хямралын үетэй харьцуулахад ихэнх салбарын дүн бага байгаа боловч уул уурхайн салбар өндөр байна. Иргэдийн худалдан авах чадвар багассанаас шалтгаалан худалдааны салбар хүндрэлтэй байна. Түүнчлэн импортын бууралт нь үүнийг батлах үзүүлэлт болж буй. Эдийн засгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцэст есөн хуьд хүрэх магадлалтай гэдгийг наймдугаар сарын чанаргүй зээлийн тайланд дурьджээ. 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД