Бизнес

Эдийн засгийн өсөлтийн удаашрал ба бизнесийн стратеги 2015-09-30 08:58

 
Ц.Оюунжаргал, Стратегийн зөвлөх  
 
 
Эдийн засгийн хүндрэл бодит байдал болсон өнөө үед том, жижиг улсын, хувийн гэлтгүй бүхий л бизнесүүдийн өмнө томоохон сорил тулгарч байгаа нь энэ хүндрэлтэй үеийг хэрхэн амжилттай туулах вэ гэдэг асуудал юм. Хямралын үед компанийн захирлууд бизнесээ аварч үлдэхийн тулд шаардлагатай бүхий л зүйлүүдийг хийдэг бөгөөд богино хугацааны дотор засахыг оролддог.  Эдийн засаг өдөр ирэх тусам улам хүндэрч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурч, борлуулалт улам муудаж байна гэдгийг өнөөдөр толгойтой бүхэн ярьж байна. Ийм үед ихэнх компаниудын удирдлагын зүгээс орон тоогоо цомхотгох, үйл ажиллагааны зардлаа танах шийдвэрүүдйиг гаргадаг. Компанийн үндсэн чиг үүргүүд болох маркетинг, хүний нөөц, санхүү, үйлдвэрлэлийн төсвийг 10-20%-иар бууруулж, магадгүй бүтцийн өөрчлөлт нэрээр ажилчдыг цомхотгож эхэлнэ. Мэдээж компанийн борлуулалтын орлого буурахад ашигт ажиллагаа бас дагаад буурна.
Борлуулалт үргэлжлэн буурах ба компанийн захирал дараагийн ээлжинд хэнийг цомхотгож, ямар нэгжийг татан буулгах талаар бодож эхлэнэ. Хямралын үед иймэрхүү дүр зураг ихэнх компаниуд дээр байгаа нь нууц биш. Тэгвэл удирдлагын өмнө тулгардаг томоохон асуудлуудын нэг нь зардлаа үргэлжлүүлэн танаад байх уу эсхүл зардлын удирдлагын оновчлол хийж стратегийн хувьд шаардлагатай алхамуудыг авч хэрэгжүүлэх үү хэмээх сорил юм. Бизнесийн тэр тусмаа стратегийн шийдвэрийг гаргахад хэзээ ч амар хялбар байдаггүй. Компаниуд эдийн засгийн хүндрэлтэй үед ямар арга хэмжээ авбал энэ үеийг амжилттай туулах вэ? 
 
Зөвлөмж 1. Үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгох.  
 
Амжилтанд хүрсэн компаниудын түүхээс харахад тэдний амжилтыг ахиулсан гайхалтай бүтээгдэхүүнүүдийн зарим нь хямралын үед бүтээгдсэн байдаг. Хямралын үед хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц шинэ эсхүл шинэчилсэн бүтээгдэхүүнийг гаргахад анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьд “R&D” буюу Судалгаа, хөгжлийн чиглэлд хуваарилсан төсвөө танах нь оновчтой шийдвэр биш бөгөөд эсрэгээр ажилчдынхаа дунд шинэ санал санаачлагыг дэмжих тал дээр кампанит ажил өрнүүлэн хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлагад нийцсэн бөгөөд үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг санал болгох нь чухал.  Тухайлбал хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд экологийн цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх. Хэрэв та анзаарсан бол супермаркет ороход хөх тарианы гурилаар эсхүл бүхэл үрийн гурилаар хийсэн нарийн боов, боорцог, сүү тараг, хүнсний ногоотой лангуу тавиурууд буюу эрүүл хүнсний лангуунууд хамгийн түрүүнд дундарч байхыг харж болно.    
 
Зөвлөмж 2.  Маркетинг, PR-аа шинэ түвшинд гаргах. Эдийн засгийн хүндрэлийн үе
 
д ихэнх компанийн удирдлагын гаргадаг бас нэг алдаатай шийдвэрийн нэг нь маркетингийн зардлыг танадаг явдал юм. Хямралыг амжилттай туулсан компаниудын туршлагаас харахад хүндрэлтэй үед тэдгээр компаниуд нь маркетингийн үйл ажиллагаагаа хумих биш харин бүр идэвхжүүлэх тал дээр шургуу ажилласан байдаг. Хямралын үед  ялангуяа хэрэглэгчид рүүгээ хандан брэнд нэрээ сануулсан мессежийг тогтмол өгч байхаас гадна үйлчлүүлэгчидтэйгээ байнга холбоотой байх нь чухал. Мэдээж 21-р зууны маркетингийн хүчирхэг зэвсэг болох нийгмийн сүлжээ (facebook, LinkedIn, twitter) зэргийг өргөнөөр ашиглах. Өөрөөр хэлбэл маркетинг, идэвхжүүлэлтийг дээр өгүүлсэн судалгаа ба хөгжлийн чиг үүрэгтэй адил үйл ажиллагааны зардал биш харин хөрөнгө оруулалт хэмээн авч үзэх нь зүйтэй.        

Зөвлөмж 3 Мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн ухаалаг хөрөнгө оруулалт хийх.  
 
Зардлын оновчлол хийхэд томоохон жин эзэлдэг хэсэг бол яах аргагүй Мэдээллийн технологийг бизнесийн үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлэх явдал юм. Манай мэдээллийн технологийн салбарт олон арван компаниуд үйл ажиллагаа явуулж байгаагаас Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн газраас Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн эрх авсан 12 компанийн 16 төрлийн програм хангамж бүртгэлтэй байна.(Эх үүсвэр: www.mof.gov.mn/category/Файлын-сан/тусгай-зөвшөөрөл/програм-хангамжийн-гэрчилгээ/ ) Манай бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, санхүүгийн чадавхидаа тулгуурлан бизнесийнхээ үйл ажиллагааг оновчлох, удирдлагын шийдвэр гаргалтаа үр дүнтэй, хурдан шуурхай болгох үүднээс дээрх програм хангамжуудаас сонгон нэвтрүүлэх нь чухал. Тодруулж хэлэхэд бизнесийн байгууллагын хувьд зөвхөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиг үүргээ автоматжуулаад зогсохгүй үйлдвэрлэл, үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц, маркетинг, борлуулалт зэрэг бусад чиг үүргүүдийг ч ялгаагүй автоматжуулах шаардлага тулгарч байна. Дээрх чиг үүргүүдийг бүхэлд нь хамарсан “Total ERP Solutions” буюу Байгууллагын нөөцийн төлөвлөлтийн програм хангамжийн цогц шийдлийг зах зээлд санал болгож байгаа үндэсний програм хангамжийн компаниуд ч нэг бус байгааг энэ талаар сонирхож байгаа манай бизнес эрхлэгчид цааш нь нарийвчлан судлах буй за. 
 
Зөвлөмж 4. Ажиллагсдын ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх.
 
Зардлаа бууруулахын тулд Компанийн захирлуудын гаргадаг бас нэг шийдвэр бол сургалт, зөвлөх үйлчилгээний төсвийг танах юмуу зарим тохиолдолд бүр төсөвлөхгүй байх явдал. Бизнесийн судлаачдын үзэж байгаагаар амжилтанд хүрсэн компаниуд хямралын үед ч ажилчдынхаа мэдлэг ур чадварт тасралтгүй хөрөнгө оруулалт хийж сургалт, зөвлөх үйлчилгээг тасралтгүй авдаг. Компанийн захирлын хувьд менежментийн ур чадвараа дээшлүүлэх, ажиллагсдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, багийн ажиллагааг эрчимжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэн, харилцагчийн үйлчилгээг сайжруулах гэх мэт байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий сургалт, зөвлөх үйлчилгээг авах тал дээр сонголтоо зөв бөгөөд ухаалаг хийхэд анхаарах хэрэгтэй.
 
Зөвлөмж 5.  Банктай харилцаагаа бэхжүүлэх.
 
Хямралын үед хамгийн их хохирол амсдаг салбар бол санхүүгийн сектор бөгөөд банкууд эрсдэлээ хяналтанд байлгах үүднээс үйлчлүүлэгчидтэйгээ их болгоомжтой харьцдаг. Харин бизнес эрхлэгчийн хувьд банктай сайн харилцаатай байж зээлийн сайн түүхтэй байх нь чухал. Ийнхүү банктай сайн харилцаатай байх нь шаардлагатай үед санхүүжилт авч бизнесийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг анхаарах нь зүйтэй. Дээр өгүүлсэнчлэн эдийн засгийн хүндрэлтэй энэхүү онцгой цаг үед компанийн захирал хүн шийдвэр гаргахдаа зардал танах, хасахыг урьтал болгох бус харин ухаалаг зарцуулалт хийж, урт, богино хугацааны өгөөжийг тэнцвэртэйгээр тооцон сонголтоо хийх нь чухал.  Одоо бүрэлдээд байгаа эдийн засаг, бизнесийн шинэ, өөр орчин нь бизнес эрхлэгчдээс шинээр сэтгэж,  ухаалаг сонголтуудыг хийн бодит цагаар боловсруулсан мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргаж, аливааг  том зургаар харахын зэрэгцээ стратегийн хамтын ажиллагааг үндэсний болон олон улсын хэмжээнд бий болгон ажиллахыг шаардаж байна. Тоглоомын дүрмээ шинэ орчин нөхцөлд зохицуулан өөрчилж тэр хэмжээгээрээ зах зээл, хамрах хүрээгээ томсгосон нь ялагч болон тодорно. Харин ялагдагчийн хувьд цөөхөн сонголттой байх ба тэдэнд бусдын зохиосон дүрмийн дагуу тоглох эсхүл бүрмөсөн тоглоомоос гарах л хувилбар үлдэнэ. 
 
 
 
 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД