Эдийн засаг

Хүртээмжтэй өсөлт гэж юу вэ 2015-09-30 10:13

Эдийн засаг улстөрчдийн яриад байгаа шиг өссөн үү гэдэг үнэн хэрэгтээ эргэлзээтэй асуудал. Ингээд хэлчихээр мэдээж хэн ч гайхна. Эдийн засаг өссөн нь үнэн л дээ. Financial times гэх мэт санхүү, эдийн засгийн чиглэлээр бичдэг дэлхийн томоохон хэвлэлүүд Монголыг М-3 гэсэн томъёололд хүртэл багтааж байсан нь ердөө саяхны үйл явдал. Нөгөө хоёр М нь Мьянмар, Мозамбик гэдэг. М-3-ийг шинжээчид дараагийн БРИКС гэж тодорхойлж байсан нь ч үнэн. Уул уурхайн их баялагтай, баялгаараа хөгжилд хүрэх боломжтой улс гэж үзсэн хэрэг. Үнэндээ эдийн засаг хоёр оронтой тоогоор өссөний гол шалтгаан нь уул уурхайн салбар. Дэлхийн зах зээл дээр эрдсийн үнэ унасан шалтгаанаар уул уурхайн салбар гундуу байгаа ч ирээдүйдээ баялгаа ашиглаад хөгжих боломжтой улсын тоонд Монгол дээгүүр давхидаг. Тэгэхээр эдийн засаг цаашдаа өсөх нь гарцаагүй.

Гэхдээ эдийн засгийн энэ өсөлт таны, миний, бидний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн үү? Дэлхийг гайхуулаад байсан огцом өсөлт маань бүгдэд хүртээмжтэй байж чадсан уу? Эдийн засаг эрчимтэй өссөн өнгөрсөн жилүүдэд хотод амьдардаг Дорж, хөдөө хэдэн малаа хариулаад аж төрдөг Дулмаа хоёр эмнэлгийн ижил үйлчилгээ авч, хүүхдүүдийнх нь сурдаг сургуулийн чанарын адил түвшинд хүрч, идэж байгаа хүнс тэжээл нь хэн хэнээсээ ялгараад байхгүй хэмжээнд очиж чадсан болов уу? Уул уурхайгаас орж буй их хэмжээний орлогоо дагаад иргэдийн орлого хүртээмжтэйгээр нэмэгдэж байна уу? Яах аргагүй тавих учиртай асуултууд.

Японы хаана ч очсон иргэд нь яг л ижил боломжоор хангагдсан байдаг. Цэцгээ, Бат хоёр хаана амьдарч буй, Улаанбаатарын уугуул иргэн үү, гэр хорооллын өрх үү, сумын төвийн айл уу гэдгээс үл хамааран, сурах, эрүүл байх зэрэг үндсэн нөхцөл боломжоор Монгол хүүхэд, хүн бүр хангагдсан байхыг Хүртээмжтэй өсөлт гэж байгаа юм.  Тиймээс боломжоор ижил тэгш хангагдах (тэгш боломжоор хангагдах) гэдэг бол Хүртээмжтэй өсөлтийн цохилох зүрх нь гэж хэлж болно. Яг ийм орчин Монголд бүрдсэн бол эдийн засгийн өсөлт иргэн бүрд хүрчээ, хүртээмжтэй өсчээ гэж хэлж болно. Харамсалтай нь өнөөдрийн хувьд эдийн засаг хүртээмжтэйгээр өсч эхэлсэн гэхэд хэцүү дүр зураг харагдаж байгаа. Дорж, Дулмаа хоёрын амьдрал өнөө л  эрс тэс янзаараа, ажилгүйдэл, ядуурал өмнөхөөсөө нэг их буугаагүй, дажгүй цалинтай ажил хийх боломж хомс, айл бүр тохилог сууцанд тухтай амьдрах чадалгүй хэвээр байна. Хүртээмжтэй өсөлтийн өнцгөөс харахад эдийн засгийн өсөлт гэдэг эцсийн дүндээ ард иргэдийн сайхан амьдрал. Товчхондоо монгол хүн хаана амьдарч, юу хийж байгаагаасаа хамааралгүйгээр олсон орлогоороо дажгүй амьдрах нөхцөл боломжоор хангагдахыг л хүртээмжтэй өсөлт гээд байгаа юм.

Ер нь эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн улсын түүхийг хараад байхад ч тийм. Иргэдийнх нь орлого нэмэгдэх хэрээр хүссэн зүйлээ худалдан авах боломжтой болно, худалдан авалт, эрэлт нь сайжраад ирэхээр бизнес эрхлэгчид нь дагаад томорно, тэр хэрээр ажлын байр нэмэгдэж, хүн бүр ажилтай байх боломж бүрдэнэ. Иргэд нь ажилтай, орлоготой бол Засгийн газрын орлого дагаад нэмэгдэнэ. Засаг мөнгөтэй болчихоор эрүүл мэнд, боловсролын салбартаа хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Дорж, Дулмаа хоёрын хүүхэд хөдөө, хот гэлгүй чанартай сургуульд суралцаж, яг адилхан төвшний эмнэлгийн үйлчилгээ авна гэсэн үг.  Ингэж чадсан улс хүчирхэгждэг. Зах зээлийн хууль нь тийм. Ийм ч учраас өндөр хөгжилтэй улсууд хэзээнээсээ хүртээмжтэй өсөлтийг онцгойлсоор ирсэн байдаг. Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай гэж өмнө хэлсэн. Уул уурхайн салбар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, ажлын байр олноор бий болгож чаддаггүй онцлогтой. Тэгэхээр эдийн засгаа хүртээмжтэй өсгөхийн тулд эрдэс баялгаа зарж олсон мөнгийг  иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулахад зарах учиртай гэсэн үг. Эмнэлэг, сургууль, зам барихыг хэлээд байна л даа. Бас тогтмол ажлын байр  бий болгодог салбаруудаа дэмжиж хөгжүүлж байж эдийн засгийн өгөөж хүн бүрд очиж таарна.

Эдийн засгийн өсөлтийн гадна орхигдож болохгүй хэсэг бол ядуу, эмзэг бүлгийнхэн. Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлт энэ  хэсгийнхэнд ямар ч өгөөж өгөөгүйг  нэг статистикаар нотолъё. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд хийсэн судалгаагаар монголчуудын 21.6 хувь нь ядуу гэсэн дүн гарчээ. 634 мянган хүн ядуу амьдарч байгаа гэсэн үг. Гурван сая иргэнтэй улсын хувьд том тоо. Бүх хүн, тэр дундаа эмзэг бүлгийнхэн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах боломжоор хангагдаагүй, тойргийн гадна үлдсэн хэвээр бол  хүртээмжтэй өсөлт байхгүй гэж үздэг. Харин эсрэгээрээ ядуу, орлого муу иргэдээ хамруулж, оролцоог нь хангаж чадсан үед эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй боллоо гэж тооцдог. Эмнэлэг, сургуулийнх нь үйлчилгээг сайжруулж, замыг нь барьж өгч, цахилгаан, дулаанаар дутаахгүй орчныг бүрдүүлж,  уул уурхайгаас гадна тогтмол ажлын байр бий болгодог хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэмжээд өгвөл тойргийн гадна үлдсэн орлого багатай хэсгийн амьдрал дээшлээд ирнэ. Хүртээмжтэй өсөлтийн бас нэг чухал хэсэг бол үйлчилгээний чанар сайн байх явдал гэж судлаачид онцолдог нь ийм учиртай. 

Хамгийн том ажил олгогч бол хувийн хэвшлийнхэн. Хүртээмжтэй өсөлтийн гол хэмжүүрийн нэг нь хүн бүр ажилтай, орлоготой байх. Ингээд харахаар хувийн хэвшлийнхэн хүртээмжтэй өсөлтөд чухал үүрэгтэй юм шиг. Үнэн хэрэгтээ хүртээмжтэй өсөлт Засгийн газар хэр үр дүнтэй ажиллахаас хамаардаг. Гол түлхүүр нь макро эдийн засгийн зөв бодлого. Том зорилго тавиад, зорилгоо хэрэгжүүлэх алхмуудаа зөв тодорхойлох ёстой гэх гээд байна л даа. Бүгдээрээ ажилтай байх, инфляцийг бага түвшинд барих, эдийн засгаа өсгөх гэж ирээд яривал макро эдийн засгийн зорилгууд уг нь их энгийн. Манайх шиг байгалийн баялагтай, баялгаа ашиглаж хөгжиж чадсан Норвеги, Ботсван зэрэг улс зөв бодлого боловсруулж, боловсруулсан бодлогоо хэрэгжүүлж чадсан учраас эдийн засаг нь хүртээмжтэйгээр өссөн байдаг. Норвеги гэхэд л 2001-2008 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн улс. Олон улсын энх тайвны индексээр дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан удаа ч бий. Баялгаараа хөгжиж чадсан орнуудын түүхийг харахад хуулиа мөрдсөн шиг мөрдөхөд, авлига гаргахгүй байх орчныг бүрдүүлэхэд хатуу анхаарсан нь анзаарагддаг. Улс төрч, төрийн албаны хаагч, хувийн компаниудын удирдлага хэнийг ч бай нээлттэй байдлаар шударгаар хянах төрөл бүрийн шалгуурыг бий болгосон байдаг юм билээ.

Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр

АХБ-наас Сангийн яаманд хэрэгжүүлж буй

“Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төсөл 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД