Үнэ ханш

Бүрхэг ирээдүйн бүүдгэр таамаг 2015-10-05 12:53

Олон улсын зах зээл дээрх зэсийн ханш “зэвэрлээ”. Учир нь ойрын хугацаанд тус таваарын ханш сэргэхгүй. Цаашид үнэ буурах хандлага үргэлжлэх бөгөөд 2016 онд ханш доод цэгтээ хүрнэ гэх. 

Олон улсын шинжээчид ийн дүгнэсэн бөгөөд тэдний зарим нь нэг тонн зэс 5000 ам.доллар байх үе дахин таван жил үргэлжлэх гэнэ. Хэдий дэлхийн зэсийн хэрэглээ буурсаар буй ч ирэх таван жилийн хугацаанд өнөөгийн эрэлтээс гурван сая тонн илүү зэс хэрэглэх аж. Энэ нь эрэлт буурч,  нийлүүлэлтэд өөрчлөлт гарна гэсэн үг. Тухайлбал,  өмнөд Африкт ирэх онд зэсийн шинэ орд ашиглалтад орно гэж байгаа. Гэхдээ л зах зээлийн жамаар эцсийн дүндээ зэсийн ханш эргэн унах нь. 
 
 Хэрэв 2018, 2019 оноос эрэлт нэмэгдвэл зэсийн үнэ өснө. Гэхдээ өнгөрсөн оны 6500 ам.долларын ханшид 2019 оноос л дүйж очихыг Хятад дахь “CRU” группын гүйцэтгэх захирал Жонн Жонсон энэ жилийн “Инвест Монголиа” чуулганы үеэр ярьсан. Шинжээчдын таамаг биеллээ олж байна уу гэлтэй саяхан зэсийн томоохон хэрэглэгч БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн индекс доошилсноос үүдэн уг таваарын үнэ гурван өдөр дараалан хямдрав. Ханшийн уналтад мөн тус улсын аж үйлдвэрлэл буурсан нь нөлөөлжээ. Түүнчлэн есдүгээр сарын 16-ны байдлаар Лондонгийн Металлын биржид гурван сарын дараа худалдан авах зэсийн суурь үнэ суларч,  нэг тонн нь 5270 ам.доллартай тэнцэв. Мөн ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.4 хувиар буурч фунт нь 2.3970 ам.доллартай дүйхээр байгаа бол Шанхайн биржид арваннэгдүгээр сард худалдан авах ханшийг 0.8 хувиар бууруулж тооцжээ.
 
Монголын хувьд ойрын хугацаанд энэ зах зээлээс олох орлого буурах дүр зураг ажиглагдаж буй. Үүнийг Монгол Улсаас Хятадын зах зээлд нийлүүлдэг 10 гол түүхий эдийн нийлүүлэлтийн индекс буурснаас харж болно. Гол асуудал нь тоо хэмжээ буурсанд бус үнэ доошилсонд байгаад юм. Нөгөө талаас Хятадын эдийн засгийн удаашрал ашигт малтмалын зах зээл дээр томоохон өөрчлөлт бий болгосныг CRU группын гүйцэтгэх захирал Жонн Жонсон мөн хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн зургаан сарын хугацаанд зэс,  нүүрс тэргүүтэй 10 гол бүтээгдэхүүний үнэ 40 хувиар буурсан байна. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй холбоотой гарч байгаа гол өөрчлөлт бол үнийн бууралт. Тэгэхээр тухайн салбарт нийлүүлэлт талаасаа бууралт байвал энэ нь дараагийн тэнцвэрт нөлөөлнө. Одоогоор ийм зүйл байхгүй байна” хэмээв.
 
 
Хятадын өнгөрсөн гурван жилийн нэгээс долдугаар сарын импортын статиктикаас үзвэл 2015 онд таваарын топ 10 импортоос 150 тэрбум ам.доллар “арчигджээ”. Энэ нь нийтдээ Монголын ДНБ-ий хэмжээг 12 дахин өсгөсөнтэй тэнцэхүйц бууралт аж. Энэ байдал ашигт малтмал экспортолдог олон оронд нөлөөлсөн байжээ. Нэг талаас зэсийн нийлүүлэлтийн хэмжээ өндөр байсан учир үнэ буурсан. Харин өдгөө ашигт малтмалын зах зээл эрэлт багатай байна. Хятадын Засгийн газар ирэх таван жилд нийлүүлэлтэд ихэд анхаарч “мэдрэмжтэй” бодлого барих гэнэ.  Мөн тус улс татварын орчин, мөнгөний бодлогодоо өөрчлөлт хийж байна. Хятадын хувьд зардлын өсөлт нэлээн байгааг судлаачид тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын зах зээл дээр ажиллаж буй Хятадын компаниуд зардал өндөртэй байдаг аж. “CRU”-ийн судлаачдын дүгнэж буйгаар, ялангуяа 2016 онд зэс, нүүрс, төмрийн хүдэр тэргүүтэй тавааруудын үнэ буурч, зардал өсөх нь. 
 
 
Ийнхүү үнийн бууралтаас шалтгаалж ойрын хугацаанд энэ зах зээлээс олох Монгол Улсын орлого буурахыг олон улсын шинжээчид таамаглаж байна. Өнгөрсөн оны байдлаар Монголын экспортын нийт орлогын 70 гаруй хувь нь дээрх бүтээгдэхүүнүүдээс орсон орлого байж. Жонн Жонсон “Ханшийн сулралаас үүдэн энэ онд Монголд орж ирэх байсан орлого 800 сая ам.доллараар буурна. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн үг” гэв. 
 
Байдал цаашид хэрхэн нь үнийн хэтийн төлөвөөс шалтгаалах нь. Хэрэв олборлолтод тодорхой өөрчлөлт гарахгүй бол ханш 2019 он хүртэл өсөхгүй,  одоогийн байдлаар үргэлжлэн явж таарна. Гэхдээ Монгол Улсын экспортлох бүтээгдэхүүний хэмжээнээс шалтгаалж,  2019 оноос хойш орлого өсөх магадлал бийг шинжээчид онцолж буй. Гэвч үнэ өсөхгүй тул олборлолтоо нэмэгдүүлж байж илүү ашиг олох боломж бүрдэх аж.
 

Г.Орхон
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД