Компанийн нийгмийн хариуцлага

Сэтгүүл зүйг мэргэжлийн, хариуцлагатай болгоно 2015-12-16 12:44

Компани нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, түүнийгээ биелүүлдэг компаниуд нэр хүндтэй, амжилттай явдаг жишээ захаас аваад олон. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн өмнө ямар хариуцлага үүрэх вэ, яаж хэрэгжүүлэх вэ, тэд бусдаас илүү хариуцлага үүрэх ёстой юу?
 
Дэлхий даяараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бусад компани, бизнесийн байгууллагуудаас илүү,  өөр түвшний хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр нэгдэж байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө олон нийтийн харилцааны нэг хэрэглүүр болж хамгийн ойр байдаг нь юм. 
 
Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгүүлчдийн үйл ажиллагаа нь энэ хариуцлагаа ухамрласан, ёс зүйтэй байхыг нийгэм шаарддаг. Дэлхийн олон улс оронд сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэгчдийг ёс зүйтэй байх, тэднийг ёс зүйгээ сахин мөрдөхөд анхаарал хандуулж, зааж чиглүүлдэг байгууллага нь “Хэвлэл мэдээллийн зөвлөл” байдаг. Тэдний хийдэг ажил нь иргэд олон нийт, нийгмийн байгууллaгуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой санал, гомдол хүлээн авч хариу арга хэмжээ авдаг. 
 
Төөрөгдлөөс гарахын тулд юун түрүүнд тэдний авдаг арга хэмжээ нь ямар нэгэн захиргааны хэрэгсэл биш. Тэд зөвхөн тухайн гомдлыг хэлэлцээд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагад мэдэгдэж, дутагдлаа хэрхэн залруулах талаар зөвлөгөө өгдөг байна. Өөрөөр хэлбэл мэдээллийг хүлээн авагч, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж харилцан ойлголцолд хүргэх ажлыг хийж байгаа хэрэг. 
 
Монголд энэ зөвлөл байгуулагдаад жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд зөвлөл үйл ажиллагаагаа жигдрүүлж олон нийтэд хүрч эхлээд байна. Өнөөдрийг хүртэл тэд долоон ч гомдол хүлээн авч ёс журмын дагуу хариу өгөөд байгаа юм. Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн хийдэг ажлыг жаахан дэлгэрэнгүй өгүүлье. Ингэх нь зөвлөлийн талаар илүү тодорхой мэдэх боломжийг олгоно гэж үзэж байна.
 
Юун түрүүнд гомдол хүлээн авч, гомдол хүлээн авснаа холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагатд мэдэгдэнэ. Ингэснээр тэдэнд тайлбар хийх боломж олгож байгаа юм. Түүний дараагаар гомдлыг үндэслэлтэй эсэхийг шалгана. Ёс зүйн зарчим зөрчигдөөгүй, мэргэжлийн ёс зүйд хамаарахгүй гомдлыг буцаана. Харин гомдол үндэслэлтэй бол түүнд ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ. 
 
Өмнө хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн зөвлөл нь захиргааны арга хэмжээ авдаг байгууллага биш. Цэвэр салбарын өөрийн зохицуулалтын байгууллага юм. Гэхдээ олон нийтийн харилцааны хүчтэй хэрэгслүүдтэй ажилладгаараа далайцтай нөлөө үзүүлэх “хүч” буй. Эхний ээлжинд байгууллагын нэрийг дурдалгүйгээр ямар зөрчил гарсныг мэдээлэх бол тэдний авах хамгийн хүчтэй арга хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурдан зөрчил гаргасныг олон нийтэд мэдээлэх юм. Цөөн хүлээн авагчтай жижиг зах зээл дээр ширүүн өрсөлдөөнд буй байгууллагуудын хувьд нэр хүнд эн тэргүүний асуудал. 
 
Эцэст нь, үүнийг хийх ямар хэрэгтэй юм бэ? Нэг талаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшил бий болгох. Нөгөө талдаа хэвлэлийн эрх чөлөөг хангаж, сэтгүүлчийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилготой. 
 
Өнөөдөр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй, ардчилсан орон, хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хуулиар хамгаалагдсан боловч мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагаанд гадны нөлөө, цензурь тавих байдал их байгааг “Globe international” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал хэлж буй. Тухайлбал, СӨХ-ны орлого зарлагыг гадны хэн ч хянах боломжгүй гэх мэтчилэн хуульд тусгасан нууцын заалтууд, олон нийтэд хүрэх ёстой, хэрэгтэй мэдээллийг түгжигдэх үндэс болсоор байна. Мөн хуулийн тодорхой бус байдал, олон янзын дүрэм журмууд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд цензурь болж тусдаг байна. Энгийн жишээ дурдвал шашны харгис номлолын талаар нийтэлж нэвтрүүлэх нь хориотой. Гэвч шашны харгис номлолд юуг оруулах, хэрхэн ялгаж салгах тухай ойлголт үгүй. 
 
Хэд хэдэн хүчин зүйлийн улмаас сэтгүүлч хараат бус ажиллаж чадахгүй байгаа аж. Нэгдүгээрт эдийн засгийн асуудал. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүргэж буй агуулгуудад эздийн нөлөө их. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг, байгууллагыг цалинжуулж буй эздийн хий гэснийг сэтгүүлч биелүүлэх байдлаар ажиллах нь түгээмэл. Ингэснээр сэтгүүлч мэргэжлийн үүргээ биелүүлэх бус эздийн Пи-Ар, ашиг сонирхлын төлөө ажиллах болдог. Гэтэл Японд мэдээний дүрсэнд ямар нэгэн компанийн хаяг, лого өртөхөөс хүртэл сэргийлэхийг ёс зүйн зарчимдаа тусгасан байдаг аж. 
 
 
Энэ мэт гадна, дотны хүчин зүйлүүд ёс зүйн алдаа дутагдал үүсэх шалтгаан болдгийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ сарын 11-нд зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Босниа-Герцеговинагийн Хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Лилиана Зуровак өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. 
 
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Монголын сэтгүүл зүйн салбарт шинээр нэвтэрч буй тогтолцоо болж буй учир гадны туршлагаас хуваалцсан нь сонирхолтой илтгэл болсон юм. Түүний хэлж буйгаар “улс бүр өөрийн онцлогт зохицсон ёс зүйн зарчимтай байх ёстой. Уламжлал, ёс заншил, шашин шүтлэгээс хамаараад үндэстний ёс зүйн хэм хэмжээ тогтсон байдаг учир хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нь түүндээ нийцсэн байх нь зүйтэй” гэсэн юм. 
 
Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, салбарын бусад холбоод байгууллагууд хамтран ёс зүйн есөн зарчмыг боловсруулжээ. Хэрэв таны хүлээн авсан аливаа нийтлэл, нэвтрүүлэг дээрх хэм хэмжээг зөрчсөн гэж үзвэл Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан гомдол гаргаж болно.  Ёс зүйн зарчим нь сэтгүүл зүйг мэргэжлийн байх, хариуцлагатай байх, иргэдийн үнэнийг мэдэх эрхийг хангаж өгөх юм. 
 
Уншигч та Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимтай эндээс дэлгэрэнгүй танилцаж болно. 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД