Эдийн засаг

Өдрийн сурвалжлага

Хуримтлал үгүй өрхийн төсөв 2016-01-12 10:28

Г.Орхон 

Удаан хугацаанд тасарсан “Өрхийн төсөв” буланг уншигч танд хүргэж байна. Ингэхдээ иргэн Д.Эрдэнээ болон Х.Энхтүвшин нарын гэр бүлийн төсөв сардаа хичнээн төгрөг байдаг хийгээд төсвийн “жинлүүр” дээрх зарлага, орлогын туухайн аль нь илүү хүнд буйг харуулахыг зорилоо. 

Өрөөс зугтдаг “сангийн сайд” 
 
БЗД-ийн VI хорооны /22б байрны 9 тоот/ иргэн Д.Эрдэнээгийнх ам бүл дөрвүүлээ. Эрдэнээ өөрөө 80 нас золгож яваа бөгөөд түүний хань 75 настай Г.Налай эдний гэр бүлийн “сангийн сайд”. Энэ хоёр буурай ач, зээ хоёртойгоо амьдардаг. Ач хүү нь “Талх чихэр” ХХК-д ажилладаг бол зээ хүү нь оюутан. Эрдэнээ, Налай гуай хоёр сардаа нийлээд 780 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүн дээр нэмээд эдний өрхийн төсөвт сар бүр зургаан хүүхдээс нь 500 мянган төгрөгийн “хөрөнгө оруулалт” орж ирдэг. Ийнхүү “сангийн сайд”-ын гарт нийт нэг сая 280 мянган мянган төгрөг очдог аж. Үүнийг сарын хэрэглээндээ хэрхэн зарцуулж хүргэх нь Налай эмээгийн үүрэг бас эрх. Ач хүү нь ажилд ороод удаагүй байгаа тул цалин гэж шалихгүй. Зээ хүү нь оюутны тэтгэлэг гэж сар бүр 70 мянган төгрөг авдаг ч түүгээрээ өөрийгөө болгоно. “Энэ хоёр өөрөө өөрийгөө болгосон болоод л явдаг. Би ч энэ хэдээсээ илүүчилж чадахгүй юм даа” хэмээн Налай гуай ярилаа. 
 
Эдний байрны мөнгө нь СӨХ, интернэттэйгээ нийлээд сардаа 130 гаруй мянган төгрөг болдог аж. Хоол унданд сардаа нэг сая төгрөг зарцуулдаг бөгөөд махаа сардаа хоёр удаа бөөнөөр нь худалдаж авдаг. Энэ дөрөв сард нийт 100 гаруй мянган төгрөгийн мах иддэг гэлээ. Хүнсний болон ахуйн хэрэглээний бусад зүйлээ цувуулж авдаг аж. Налай гуай “Байрны мөнгө нэмэгдээд байх юм. Өө эм тарианы мөнгөө мартчихаж. Одоо тэрийгээ тооцдоггүй ч юм даа. Энэ муу бие жаахан өвчин ээрэхээр өнөөх хэдэн хүүхэд маань тал талаас тав, арван төгрөг илүүчилдэг юм. Тэрнээс илүү яах вэ дээ. Бас л тусдаа амьдрал авч яваа улсууд” хэмээв. Хоёр хөгшин эм тариандаасар бүр 60 орчим мянган төгрөг зарцуулдаг. Эмээ ходоодны, өвөө даралтны эм байнга уудаг. Дээрээс нь өвчин намдаах эм гээд худалдаж авах шаардлагатай нь өнөөх төсвөөс нь давчихдаг болохоор нэн шаардлагатай хэдийгээ л авдаг аж. Мөн хоёулаа гар утас хэрэглэдэг тул сардаа 50 орчим мянган төгрөгийг нэгжид зарцуулдаг. Ингээд бодохоор хөдөөний хөгшчүүлтэй харьцуулахад энэ хоёрын зарлага овоо “оцойж” байгаа биз. 
 
За тэгээд нүүр гарын саван, угаалгын нунтаг тэргүүтэй ахуйн хэрэглээний зүйлсэд багагүй мөнгө зарцуулдгыг Налай гуай ярьсан. Тэрбээр дөрвөн кг угаалгын нунтагийг 22 мянган төгрөгөөр худалдаж авдаг ч энэ нь сар хүрэхгүй дуусдаг гэлээ. Ахуйн хэрэглээний барааны үнэ ялангуяа, импортын барааны үнэ нэмэгдэж буйг энэ өрхийн эзэгтэй онцолсон. Налай эмээ “Хүмүүс хамгийн их хэрэглэдэг гэсэн шиг элсэн чихэр, будааны үнэ улам л нэмэгдээд байх юм. Одоо ч цагаан будаагүй хоол гэж алга. Юмны үнэ нэмэгдчихээр энэ хэдэн төгрөг чинь тогтохгүй юм байна шүү дээ. Энэ жил ногооны үнэ харьцангуй өндөр байна. Би нэг кг төмс 1500-2000 төгрөгөөр авч байна. Хэдэн төгрөг татууг нь бодоод зах гаръя гэхээр энэ муу хөл өвдөөд болдоггүй. Гэрийнхээ ойр дэлгүүрээс л ногоо юухнаа цуглуулах юм” хэмээлээ.
 
Налай гуай энэ өрхийн чамгүй гамтай сангийн сайд гэдгийг Эрдэнээ өвөө хэлсэн. Өмнө жилүүдэд сардаа 100-200 мянган төгрөг “цааш” хийчихдэг байжээ. Харин өнөөдөр хуримтлал бий болгох нь байтугай өрхийн төсвөө арай гэж хүргэж, сарын хэрэглээгээ дөнгөн данган авч байгаа аж. Настай хүмүүс болохоор хөдөө, гадаанаас хүмүүс гэнэт ирж төлөвлөөгүй зарлага нэлээд гардаг байна. Энэ үед сайдын тооцоо алдагдаж сарын сүүлээр огт мөнгөгүй болох үе энүүхэнд. Налай эмээ арга мухардахаараа хүүхдүүд рүүгээ утас цохидог аж. Учир нь энэ эмээ өр, зээл тавихыг үздэггүй нэгэн. Тэрбээр “Тэтгэврийн бид чинь зээл авахаар эргэж төлөх гэж бөөн юм болно. Өртэй үхвэл хүүхдүүдэд хэцүү юм болно шүү дээ” хэмээх. Хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэгчлэн зарим өрхийг бодвол эднийх боломжийн орлоготой ч зарлага нь түүндээ таарчихдаг. Хамгийн өндөр зардал нь мах болон байрны мөнгө. 
 
Түмний зээрдийг тордон байж төсвөө бүрдүүлдэг “сайд” 
 
Өрхийн санхүүг ихэвчлэн гэрийн эзэгтэй нар барьдаг. Харин СХД-ийн 28-р хорооны иргэн Х.Энхтүвшин өрхийнхээ төсвийг бүрдүүлж бас захиран, зарцуулдаг гэрийн эзэн. Эднийх ам бүл тавуул. Эхнэр нь гурван настай хүүхдээ харж гэртээ суудаг. Хоёр хүү ньарван жилийн сурагч. Өдгөө 37 нас хүрч яваа Энхтүвшин өөрөө гутал засварын жижиг газар ажиллуулдаг бөгөөд сард 500-700 мянган төгрөг олдог. 
 
Энхтүвшин өдөржин түмний зээрдийг арчиж, тордон байж 20-30 мянган төгрөг олно. Түүний ар гэрт нь дөрвөн ам хүлээж буй тул олсон орлогоороо өрхийн хэрэглээгээ дөнгөн данган хүргэнэ.Тэрбээр өдрийн орлогынхоо 30 хувиар нь материалаа худалдаж авна. Өөрөө өдрийн хоолоо ширхэгийн юухнаар алгалдаг гэлээ. Ингэхээр цэвэр орлого нь 10 гаруй мянган төгрөг болно. Энхтүвшингийн хувьд хамгийн том зарлага ажлын байрны түрээс. Хааш хаашаа найман ам метр хүрэхтэй үгүйтэй энэ байраа сарын 80 мянган төгрөгөөр түрээсэлж, амьдралаа зогоож явна. Халаалт гэж байхгүй тул өвөлдөө цахилгаан халаагуур залгаж суудаг. 
 
Тэрбээр сарын төсвөө голдуу хоол хүнс, тог цахилгаан, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлд зарцуулдаг. Гэр хороололд амьдардаг тулцахилгааны мөнгө сардаа 10-20 мянган төгрөг болно. Гурилаа ихэвчлэн 25 кг-аар нь худалдаж авдаг ч бусад хүнсээ цувуулж авна. Энэ нь тухайн өдрийн орлогоороо авна гэсэн үг. Учир нь нэг доор бөөн орлого орж ирэх нь тун ховор. Гурван хүүхдийн мөнгө гэж улсаас сардаа 60 мянган төгрөгийн тэтгэмж авдаг нь эдний өрхийн амьдралд их дэм болдгийг Энхтүвшин ярилаа. Хоёр хүүгийнх нь сургууль гэрээсээ холгүй тул хичээлдээ алхаад явчихна. Автобус унааны мөнгө гэж Энхтүвшин л хэрэглэнэ үү гэхээс энэ тал дээр зарлага гаргах өөр хүн эднийд алга аж. Түүний эхнэр хүүхэд төрүүлэхээсээ өмнө цайны газарт угаагч, үйлчлэгч гээд олдсон ажлыг голохгүй хийдэг байж. Энэ нь өрхийн төсөвт багагүй дэм болдог байсан нь тодорхой. Харин одоо сангийн сайд Энхтүвшин ганцаараа зүтгэж явна. 
 
Эднийх ихэвчлэн гурилтай, ногоотой шөл зэрэг монгол хоолоо иднэ. Тэрбээр “Хөдөлмөрлөж байгаа болохоор ямар ч байсан хүүхдүүддээ ногоо идүүлчихээд байгаа юм. Юмны үнэ их өсч байна. Ингэхээр иргэд бид хэрэглээгээ танаж, хумьчихаад байна шүү дээ. Үнийн удирдлага гэж алга” гэлээ. Өнөөдөр Энхтүвшингийн санааг зовоож буй хамгийн том асуудал түлээ, нүүрсээ бэлтгэх. Хахир өвөл хаяанд ирсэн. 
 
Энэ хоёр өрхийн төсвийн жинлүүр дээрх зарлага, орлогоосоо давна уу гэхээс орлого нь дийлэх нь үлгэр болж. Хуримтлал гэж алга. Налай эмээ зээл авах тухай боддоггүй нь нэг талаар сайн. Нөгөө талаас, түүний зургаан хүүхэд өөрсдийн амьдралынхаа хажуугаар энэ хоёр хөгшин рүү өнгийх үедээ өнгийж явна. Гэвч халаас нь хоосорсон үед гар сарвайх хүнгүй нэгэн нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авч байна. Улсын эдийн засгийн байдал хүндэрч буйг илтгэн банкны зээлийн 100 төгрөг тутмын 14 хувь нь чанаргүй, хугацаа хэтэрсэн учраас чанаргүй зээл 865 тэрбум төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооны наймдугаар сарын тайланд бичжээ. Энхтүвшин олсноосоо бага зарлага гаргахыг эрмэлздэг нэгэн. Гэвч өнөөдөр эхнэр, хүүхдээ өлсгөхгүйн тулд олсноо зараад л таарч байна. Энэ хоёр өрхийн сангийн сайд нарын адил бусад өрх бүсээ чангалах бодлого барьж байгаа нь тодорхой. Гэвч чангалсан ч чангаагаад байхад тэд хэрхэх билээ.
 
 
 "Mongolian Economy" сэтгүүлийн №17 /096/ дугаар
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД