Эрүүл мэнд

Утаатай тэмцэж, уушгины хатгалгааг эмчилье 2016-01-27 10:59

Шар хадны эцэст, өглөөний 07:00 цаг. Хүрлээ хүү сургууль руугаа ороолтоороо хамар амаа далдлан, бээрсэн гараараа нүдээ нухлан урдах замаа арай ядан харж алхана. Энэ бол их хотын саарал өвлийн зураглал. Хүүхдүүд өвлийн улиралд өглөө, орой бүр урдах замаа харж ядан, машинд мөргүүлчих шахам явсаар олон жилийг өнгөрүүлж буй. 
 
Манай орны хувьд агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын утаа, угаар эзэлж байгаа бөгөөд хотын иргэдийн 50 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгджээ. Мөн жилд 300 хүн агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд үүний 240 нь тав хүртэлх насны хүүхэд аж. 
 
Агаарын бохирдлын эрсдэлт хүчин зүйлсийн дийлэнх тохиолдолд жирэмслэлтийн өмнөх болон хүүхэд хоёр нас хүртэлх хугацаа хамардаг. Харин агаарын бохирдолд хамгийн өртөмтгий эмзэг үе нь хүүхэд төрсний дараах эхний 2-3 сар байдаг аж. Утаанд агуулагдах нүүрсхүчлийн дутуу исэл нь жирэмсэн эмэгтэйн ихэсийн цусны эргэлтийг бууруулж, энэ нь бага жинтэй төрөлтийн шалтгаан болдог. Бага жинтэй төрсөн нярай уушгины хатгалгаагаар өвдөх өндөр эрсдэлтэй байдаг аж. Хүнд болон хөнгөн хэлбэрийн хатгалгаа нь хожим дор хаяж нэг архаг өвчний үндэс болдог бөгөөд ихэнхдээ уушгины үйл ажиллагаа муудахад нөлөөлдөг байна. Тухайлбал Улаанбаатар хотын утаа ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгаа талаар гадны эрдэмтэд судалж эхэлжээ. Ингэхдээ Сүхбаатар дүүрэгт амьдардаг 540 жирэмсэн эмэгтэйг хамруулж, хоёр хэсэгт хуваан харьцуулжээ. Нэг хэсэгт нь агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суулгаж, нөгөө хэсэгт нь огт төхөөрөмж ашиглаагүй байна. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс мэндэлсэн нярайн биеийн хэмжээ, төхөөрөмж ашиглаагүй ээжүүдийн нярайгаас 0.4 см-ийн урттай, 80 грамм илүү жинтэй байжээ. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад агаарын бохирдол ургийн өсөлт, хөгжилтөд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг харж болно. Хэрэв одоо хотын утааг яаралтай бууруулахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд маш хортойг судлаач, эрдэмтэн Райн Аллен анхааруулсан байна. Тэрээр 2020 хүртэл дээрх судалгаанд хамрагдсан нийт нялхасаа дөрвөн нас хүртэл тандаж, агаарын бохирдол тэдний амьсгалах эрхтэн, уушги, мэдрэлийн системд хэрхэн нөлөөж байгааг дэлгэрэнгүйгээр батлан харуулах аж. 
 
 
Үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөлгөөн энэ сарын 25-26 ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд Монгол, Америк, Австрали, Хятад тэргүүтэй таван орны эрдэмтэн судлаачид болон шийдвэр гаргагч бүхий 160 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг түүн дотроо ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Оюун “Монгол улсын хүрээлэн буй орчны өөрчлөлт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэлдээ “Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдийг сайжруулсан зуух, түлшээр хангах, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаалтын системийг нэвтрүүлэх, цахилгааны үнийн урамшуулал олгох зэрэг ажлыг хэрэгжүүлсэн. Мөн бидний цаашдын зорилгод гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдийг орон сууцаар хангах асуудлыг шийдэх нь чухал” гэдгийг онцлов.     
 
Энэхүү олон улсын зөвлөлгөөний хамгийн гол үр дүн бол нотолгооноос үйл ажиллагаа руу шилжих буюу нэгэнт гарсан судалгааны үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг олон нийт ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх явдал аж. 
 
ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхий даяар гадна болон дотор орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жил бүр долоон сая гаруй хүн нас барж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь байгаль орчин болон эрүүл мэндийн хамгийн том, дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Манай орны хувьд өвлийн улиралд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг нярай хүүхэд хурц хэлбэрийн хатгалгаанд өртөмтгий байдаг тул гэрийн дотоод орчны агаар нэн чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд өдрийн туршид агаарын бохирдолд янз бүрээр өртдөг бөгөөд гэрт амьдардаг хүүхэд гэрийн хаалга нээж хаах үед, мөн гадуур явах үед, гэрт нүүрс түлж гал асаах үед 2.5 хувиар илүү өртдөг байна. Харин орон сууцанд амьдардаг хүүхэд тээврээр зорчих болон гэр, сургуулийнхаа гадаа гарах үед агаарын бохирдолд илүү өртдөг гэнэ. 
 
Мөн агаарын бохирдолд амгийн ихээр өртөж буй хүүхдүүдийн 20-30 хувь нь ядуу өрхийн, 28-42 хувь нь гэрт амьдардаг, 50-60 хувь нь нүүрс түлдэг бөгөөд нийт өрхийн 50 хувьд нь тамхи татдаг дор хаяж нэг хүн байдаг аж. Монголчуудын хувьд агаарын бохирдол, өвчний дарамт хоорондын харилцааны талаарх мэдлэг дутуу байдаг. Мөн хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөл, өртөлтөөс үүдсэн хожим үүсэх үр дагаврыг бууруулахад чиглэгдсэн цогц бодлого байхгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэр шаталттай түлшинд оруулж буй хөрөнгө оруулалтыг хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй агаарын бохирдлын нөлөөг тооцох байдлаар улсаас олгож буй татаасанд үнэлгээ хийх шаардлагатай байгаа юм. 
 
 
 
 
 
 
Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД