Үзэсгэлэн

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ 2016-01-27 11:17

2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 30-ы бямба гарагт “Хүннү Молл” худалдааны төвд нээлтээ хийх юм. 
 
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ХХАА-н сайд Р.Бурмаа нар оролцох бөгөөд загварын үзүүлбэр болон бусад арга хэмжээ зохиох аж. 
 
Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа давуу талтай. Түүнчлэн сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн дагуу иргэдэд их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл”  худалдааны төв чиглэлд хоёр  их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагаас үйлчилгээ үзүүлэх ажээ.
 
Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 7-ны өдрийг хүртэл “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдана. 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД