Хөдөө аж ахуй

Хятад руу мах экспортлох боломжтой боллоо 2016-02-04 14:20

Манай улсаас БНХАУ-руу үхэр, хонь, ямааны түүхий мах экспортлох эрхтэй болсон компаниудад өнөөдөр МХЕГ-аас батламж гардууллаа. Тухайлбал, БНХАУ-ын чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид болон МХЕГ хамтран баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хяналт магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан. Эдгээр аймгаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг “Грийн грасланд” ХХК-ийн “Мон-Тува” үйлдвэр экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу илгээжээ. 

Хамтарсан ажлын хэсэг энэ сарын 10-16-ны өдөр Бээжин хотноо хуралдан “Монгол Улсаас БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт болон хорио цээр, малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай протокол”-ийг тус тус үзэглэсэн юм. Уг протоколоор үхэр, хонь, ямааны маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор тохиролцсон бөгөөд баталгаажуулалт хийж, тус бүр 120 ширхэг гэрчилгээг  нэгдүгээр сарын 26-нд БНХАУ-ын талд хүргүүлсэн юм. Дээрх протоколуудад шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин таригдаагүй бүс нутгаар зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортлоно гэж заажээ. Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт  БНХАУ-тай хиллэдэг. Ийнхүү уг боомтоор л малын түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох аж. 
 
Уг хурлын үеэр МХЕГ-ын дэд дарга Ю.Галсангаас тодруулахад “Эдгээр компанийг сонгохдоо малын нядалгаа хийхэд тавигддаг стандарт шаардлагуудыг хэрхэн хангасан болон эрүүл ахуйн бүх шаардлагуудыг тавьж байж сонгосон. Олон улсын жишигт бол түүхий махыг гадны улсуудаас авахдаа мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн маш өндөр шаардлага тавьж, удаан хугацаанд судалж байж авдаг. Гэтэл бидний махыг урд хөрш маань ийнхүү богино хугацаанд авахаар шийдвэрлэсэн нь монгол малын мах цэвэр, экологийн байдаг учраас юм” гэлээ. 
 
БНХАУ манай нэр бүхий аж ахуйн нэгжийг “Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалтын газар”-т бүртгэж авсан байна. 
Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг: 
“Хүн-Од” ХХК 
“Хатан сүйх” ХХК 
Үхэр, хонь, ямааны махыг:  
“Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК
“Завхан хүнс” ХХК
“Эрдэнэ хүнс” ХХК-ийн үйлдвэр экспортлох эрхтэй боллоо. Одоогоор дээрх компаниуд үхэр, хонь, ямааны махыг экспортлох эрхийг хангасан бөгөөд цаашид үйлдвэр, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх боломжтой аж. 
 
        Г.Хулан 
  
 
  



 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Нэр : 2016 оны02 сар / 13 14:34

ЗӨВ ШҮҮ