Үнэ ханш

Эрэлтээс үүдэлтэй өсөлт 2016-03-10 14:14

Олон улсын зах зээл дээрх зэсийн ханш 620 гаруй ам.доллараар өслөө. Тодруулбал, Лондонгийн металлын бирж дээрх тус таваарын ханш өнгөрсөн сарын 10-нд нэг тонн нь 4400 ам.доллартай дүйж байсан бол энэ сарын 4-нд 5027 ам.долларт хүрч өндийв.  
 
Үнийн өсөлтөд АНУ, Австралийн эдийн засгийн үзүүлэлт шинжээчдийн таамаглаж байснаас сайн дүнтэй гарсан нь нөлөөлжээ. Энэ мэдээ нь эрэлт нэмэгдэх дохио өгч улмаар өсөлтөд хүч өгсөн аж. Нэгдүгээр сард Австралийн экспорт нэг хувиар өсч, импорт нь мөн хувиар буурсан. Тус улсын Статистикийн газрын мэдэгдэж буйгаар БНХАУ-ын эрэлт буурч буй нь Австралийн гадаад худалдаанд сөргөөр нөлөөлөх болжээ. Харин АНУ-ын хувьд өнгөрсөн сард инфляци, хэрэглээний зарцуулалт сайн дүнтэй гарсан аж.  
 
Гэсэн ч Лондонгийн металлын бирж дээрх мягмар гарагийн ханш 4868 ам.доллар болж эргэн бага зэрэг сулраад байгаа юм. Тус бирж дээр жилийн өмнө зэсийн үнэ 5925 ам.доллар байсан бол энэ сарын дундаж үнэ 4872 ам.доллар болоод буй. Харин “Infomine.com” дээрх ханш энэ сарын 7-нд 5000 ам.доллартай дүйж байна. 
 
Өнгөрсөн долоо хоногт Шанхайн бирж дэх зэсийн нөөц 11 хувиар өсч 305.106 тоннд хүрсэн ч ханшид төдийлэн сөргөөр нөлөөлсөнгүй. Харин Лондонд нөөц 11 өдрийн турш багасч, жилийн доод түвшинд хүрсэн тухай Bloomberg агентлаг онцолжээ.  
 
 
Зэсийн ханшийн савалгаад хүчтэй нөлөө үзүүлэхүйц гол тоглогч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал худалдааны урсгалыг хязгаарлаж байгаа талаар Дэлхийн банк шинэ тайландаа дурдав. Импортоор хэмжигддэг олон улсын нийт бараа эргэлт өнгөрсөн онд 1.7 хувиар өссөн нь өмнөх жилийнх нь үзүүлэлттэй харьцуулахад 1.3 хувиар буурсан дүн аж. Уг банкны шинжээчдийн онцолсноор урд хөршийн эдийн засгийг тогтворжуулах эсэхээр худалдааны цаашдын хандлагыг тодорхойлох нь. 
 
 
 

Г.Орхон