Санхүү

Монголчууд мөнгөтэй харьцах хандлагаа өөрчлөх шаардлагатай байна 2016-03-15 11:00

Дэлхийн банкны судалгаагаар монголчуудын санхүүгийн мэдлэг дутмаг байна гэх дүн гарчээ. Үүнийг иргэд төдийлэн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа энгийн жишээнээс харж болох юм. Монгол Улс өдгөө 820 мянган өрхтэй, бараг хүн бүр банкинд данстай боловч нийт өрхийн 90 хувь нь хадгаламжгүйг судалгаагаар тогтоожээ. 
 
Тиймээс манай улс "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 2016-2021 онд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд буй. Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилго бүхий тус хөтөлбөрт "Монголын банкны холбоо" банкны салбарыг төлөөлөн оролцож байгаа аж. Тус холбооныхон харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, залуу үед санхүүгийн мэдлэг олгох чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, банкны холбогдох ажилтнуудыг сургах, олон нийтэд зориулсан цахим хуудас хөгжүүлэх, санхүүгийн боловсролын нэгдсэн арга хэмжээ, аян зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
 
Энэ хүрээн Монголын банкны холбоо, гишүүн байгууллагууд, Төвбанк, Монголын Хөрөнгийн бирж болон Олон улсын “Child Youth Finance International” хөдөлгөөнтэй хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног 2016” олон улсын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг арга хэмжээ нь энэ сарын 14-21-ний өдрүүдэд тохиож буй бөгөөд манай улс энэ жил “Санхүүгийн боловсрол-Миний амьдралд” уриан дор өнгөрүүлж буй. Энэ хүрээнд цахим ертөнцөд өчигдөр өрнүүлсэн “Та мөнгөтэй харьцаж байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг уу” гэх санал асуулгаар монголчууд мөнгөтэй харьцах хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэх дүн гарчээ. Нийт өгсөн 448 саналын 53.1 хувь нь өөрчлөх хэрэгтэй гэх сонголтыг хийсэн байна. 
 
Салбарынхан энэ долоо хоногт хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлууд хийнэ. Учир нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын арга хэмээ нь хүүхэд, залуусыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм. 
 
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монголын Хөрөнгийн бирж, Төвбанкны үйл ажиллагаатай танилцах бол арилжааны банкууд харилцах сургуулиудын сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт явуулах аж. 
 
“Дэлхийн мөнгөний долоо хоног” арга хэмжээг таван жилийн өмнө бусад оронд тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн бөгөөд 2015 онд гэхэд 120 гаруй орны 5.6 сая гаруй хүүхэд, залуус оролцож, 960 байгууллага дэмжин хамтарч ажиллажээ.  Харин Монгол Улс 2014 оноос уг арга хэмжээнд нэгдэж, одоогийн байдлаар 10 орчим мянган хүүхэд хамрагдсан гэх судалгааг Монголын банкны холбооноос хийжээ. 
 
Арилжааны банкууд ганц энэ өдөр гэлтгүй хуримтлал, мөнгөний тухай мэдлэгийг иргэдэд хүргэх ажил байнга хийдэг тухай Монголын банкны холбооны мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Баярмагнай ярив. Иргэд ч ийм төрлийн мэдээлэл авах хүсэлттэй байдаг байна. Энэ талаарх сургалтын байгууллагуудад санхүүгийн боловсролын сургалтад хамрагдах хүсэлтийг иргэдийн зүгээс нэлээд ирүүлдэг аж. Санхүүгийн боловсрол гэхээр их, дээд сургуулийн дипломоор төсөөлөн сурах хүсэлдээ хаалт үүсгэж болохгүйг салбарынхан дуулгаж байна. Энэ нь энгийнээр олсон орлогоо хэрхэн зөв зарцуулах ухаан юм. 
 
 
Г.Орхон