Ертөнц

Хүний хөгжил

Нас бол зүгээр тоо биш 2016-03-22 13:16

Үсээ янзлуулан нүүрээ будуулах нэгэн эмэгтэй. Хуримын өдөртөө ийн бэлдэх түүнийг сүйт залуу болон хуримын зочид тэсэн ядан хүлээнэ. Даашинзныхаа цахилгааныг татуулж, гэвлүүрээ зүүсэн сүйт бүсгүй ээждээ сүүлийн удаа чанга гэгч нь тэврүүлээд ирээдүйн ханийнхаа зүг алхаж буй зураглал. Энэ бол НҮБ-ын Хүүхдийн сангийн нэгэн сурталчилгааны бичлэгийн хэсэг бөгөөд энэхүү видео бичлэгийг 10 сая гаруй хүн Facebook-ээр дамжуулан үзжээ. Сурталчилгааны төгсгөлд хуримын бөгжөө зүүлгэх залуу эр эхнэрийнхээ гэвлүүрийг сөхмөгц сүйт бүсгүй үнэн хэрэгтээ жаахан охин байсныг харуулах аж.


Энэ жил 15 сая охин 18 насныхаа төрсөн өдрөөс өмнө хуримаа хийнэ



Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэрлүүлж буйг дүрсэлсэн бичлэгүүд Вера Вангийн энэ улирлын даашинзны загварууд шиг хаа сайгүй тархах болов. Бага насны охид өөрөөсөө хэд дахин ахмад хүнтэй гэрлэх явдал дэлхийн хэмжээнд яригдах ноцтой асуудал болж буй. Үүнийг олон нийтэд сануулж, анхааруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан дээрх сурталчилгааг санаачилан #ENDChidlMarriageNow хэмээх кампанит ажил өрнүүлж эхэлсэн. Гэр бүлтэй болсон 20-24 насны дөрвөн эмэгтэй тутмын нэг нь насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн гэсэн тоо байдаг бөгөөд тэдний дийлэнх нь өнгөт арьст эмэгтэйчүүд байх аж.


Балчир бэрүүдийн тоогоор тэргүүлдэг 10 орон:

1.    Нигер (20-49 насны эмэгтэйчүүдийн 77 хувь нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэсэн)
2.    Бангладеш (74 хувь)
3.    Чад (69 хувь)
4.    Мали (61 хувь)
5.    Бүгд найрамдах Төв Африк (60 хувь)
6.    Энэтхэг (58 хувь)
7.    Гвеней (58 хувь)
8.    Этиоп (58 хувь)
9.    Буркина Фасо (52 хувь)
10.    Балба (52 хувь)
 

Энэтхэгийн Камхеда тосгоны Балажи хийдэд 15 настай Синту хуримлаж буй нь. Associated Press 2011 он.
Энэтхэгт тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийг хуримлуулахыг хуулиар хориглосон байдаг ч тэр бүр мөрдөгддөггүй тул 18 нас хүрээгүй охидыг гэрлүүлэх ёс тус улсын зарим муж, тосгонд үргэлжилсээр байгаа юм. 

 

Катушабэ өдгөө 20 настай. Тэрбээр 1-6 насны гурван хүүхдийн хамтаар Уганда улсын баруун хэсэгт амьдардаг. Тэр 13 настайдаа гэрлэсэн бөгөөд анхны хүүхдээ мөн 13 настайдаа төрүүлж байжээ.

Хүүхдийн сангийн сурталчилгаанд жүжигчин охин цагаан арьстай төдийгүй цагаан даашинз, цагаан гэвлүүр гээд барууны уламжлалт ёс заншлаар хуримладаг. Гэтэл насанд хүрээгүй охид гэрлэх тохиолдол хамгийн их байдаг Өмнөд Ази, Африкийн Сахарын цөлийн бүсийн орнуудад гэрлэх ёслолыг өөр өөрсдийн заншлаар тэмдэглэх бөгөөд сүйт бүсгүйчүүд цагаан даашинзаар гоёх нь тун ховор. НҮБ-ын Хүүхдийн сан дэлхий дахинд дохио өгөх зорилгоор түгээж буй эдгээр сурталчилгаанд цагаан арьст охид жүжиглэх нь түгээмэл. 2014 онд Plаn Norway хэмээх хуурамч блогт өсвөр насны нэгэн охин өөрөөсөө 10 гаруй ах хүнтэй гэрлэх гэж буй хэмээн нийтэлжээ. Тэрхүү блог нийтлэлийг 2.5 сая хүн уншсан байгаа юм. Нийтлэлийн гол дүр мөн л цагаан арьстай байсан төдийгүй Норвеги гаралтай охин байлаа. Харин Норвеги улс балчир охидыг бэр болгон өгдөг 120 гаруй орны тоонд багтдаггүй гэдгийг Girls not Brides (Охид сүйт бүсгүйчүүд биш) байгууллагаас гаргасан мэдээлэлд онцолжээ. Түүнчлэн Youtube сайтад АНУ-ын Нью Йорк хотын Times Square-т хуримын зургаа даруулж буй хосуудын бичлэг тавигдсан нь олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн билээ. Жүжигчилсэн энэхүү бичлэгт 60 орчим насны эр насанд хүрээгүй охинтой гэрлэж байгааг харуулдаг. Үүнд мөн л цагаан арьст охин дүр бүтээсэн бөгөөд 7.7 сая хүн үзжээ.

Ямар нэг кампанит ажилд олны анхаарлыг татахын тулд боломжит хандивлагчдыг тухайн асуудалтай аль болох ойр мэт сэтгэгдэл төрүүлэх шаардлагатай байдаг аж. Зорилгоо үр дүнтэй байлгах үүднээс анхаарлыг нь татах хүсэлтэй буй хүмүүстэйгээ адилхан харагдах жүжигчдийг сонгох нь илүү тохиромжтой байдаг талаар маркетингийн салбарын зарим судлаач ярьдаг. Гэвч бодит байдлаас хэт хол арга ашиглан хуурамч дүрээр сэтгэгдэл төрүүлэх нь тохиромжтой эсэхэд эргэлзэх хүмүүс бий. Барууны гэрлэх ёс болон цагаан арьст сүйт бүсгүй гэсэн үзлийн  талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Мелани Шарпе “Үзэгчдэд гэнэтийн цохилт мэт сэтгэгдэл төрүүлж буй нь энэ чухал асуудалд хүмүүс анхаарлаа хандуулахад дөхөм болно” хэмээжээ. Тэрбээр “Балчир насандаа айлын бэр болох эрсдэлтэй охидоос тэс өөр харагдах охиныг сонгон сайтар найруулан дүрсжүүлж байгаа нь зарим хүнд хуурамч санагдаж болох. Бид ийм хандалага ч гэсэн хүмүүсийн дунд мэтгэлзэх сэдэв үүсгэж, хамгийн гол асуудалд чиглэх хүмүүсийн анхаарал олны дунд сэрэмжлүүлж, ойлгуулах дохио болно гэж найдаж байгаа. Түүнчлэн энэхүү сурталчилгааг дэлхийн хамгийн нөлөө бүхий хуримын блогуудын нэг Bridal Musings-тэй хамтран бүтээсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Bridal Musings-ийн уншигчид АНУ, Австрали болон Европоос ханддаг. Тэгэхээр сурталчилгааны санааг тэдгээр уншигчдад ойр байх үүднээс мөн тус блогийн нийтлэлүүдийн агуулгын тусгал байлгахыг зорьсон” гэсэн байна. 

Хэвлэл мэдээллийн салбарт уншигч, үзэгч юу хүснэ түүнийг түгээх хандлага элбэг байдаг. Үзэгчид, магадгүй боломжит хандивлагчид, хөндөж буй сэдэвтээ танил бус байж болно. Гэвч балчир бэрүүдийн талаарх энэхүү ноцтой асуудлыг хамгийн үнэн зөв илэрхийлэх охидыг дээрх төрлийн сурталчилгаанд тоглуулах нь зорилгодоо төдийлөн сайн хүрдэггүй аж. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан насанд хүрээгүй охидыг бэр болгон “бэлэглэж” буйг өгүүлэх өөр нэгэн сурталчилгаандаа өнгөт арьс бүсгүй тоглуулсан байдаг. Сурталчилгааны үйл явдал Чад улсад өрнөх бөгөөд тус улс бага насны охидыг гэрлүүлдэг үзүүлэлтээр топ 10 орны нэгт багтдаг. Энэхүү бодит сурталчилгааг ердөө 700 мянган хүн үзжээ.


НҮБ-ын Хүүхдийн сан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гаргасан мэдэгдэлдээ бага насны хүүхдийг гэрлүүлж буй энэхүү зүй бус үйлдлийг таслан зогсоох, гэрлэх хууль ёсны насыг 18 болгох хуулийн хэрэгжилтийг чангатгах зорилгоор Засгийн газрууд, бодлого тодорхойлогчдыг хамруулсан санаачилга хэрэгжүүлэхээ цохон тэмдэглэсэн. Түүнчлэн тус санаачилгын хүрээнд охидод боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг багтаах юм байна.   

 

Б.Үүрийнтуяа

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД