Хөдөө аж ахуй

Зах зээл

Улаан буудайн эргэн тойронд 2016-04-04 12:33

ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйтай холбогдуулан тус улс улаан буудайн үрийн экспортод татвар ногдуулах болсноо өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Эдийн засгийн болоод бусад хүндрэлээс үүдэн үрийн экспортод татвар ногдуулж буй нь хязгаар тогтоож байгаа нэг хэлбэр гэж олон улсын шинжээчид үзэж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн чанарын хяналт ОХУ-ын хямралтай нүүр тулах гэсэн оролдлогуудын нэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн татварын бодлого зургаадугаар сарын 30 хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд нэг тонн улаан буудайн үр хамгийн багадаа 35 евро хүрэх юм байна. Орос 2008 оноош хойш гурав дахь удаагаа үрийн экспортод ийнхүү хяналт тогтоож байгаа юм. Харин 2010 онд үрийн экспортод хориг тавьж, улмаар 2011 оны долоодугаар сар хүртэл үргэлжилсэн нь тус улсад тохиосон ган болон түүхэндээ байгаагүй бага ургац авсантай холбоотой байжээ.
Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу Орос өдгөө экспортодоо хориг тавих боломжгүй. Гэсэн ч тус улсын эрх баригчид ийм төрлийн арга хэмжээ авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ОХУ-ын хууль тогтоогчдын нэгэн хуралдааны үеэр тус улсын Шадар сайдуудын нэг Аркади Дворкович “Одоогоор экспортод хориг тавих ямар нэг шаардлага үүсээгүй. Татварын хувьд илүү чанга арга хэмжээ авах магадлал бол бий” гэсэн байна.
Хойд хөрш улаан буудайн экспортоороо дэлхийд дөрөвт ордог. Тус улс үрийн экспортод шинээр татвар ногдуулах болсон нь үнийн өсөлт бий болгох, улмаар олон улсын улаан буудайн эрэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж зарим шинжээч үзэж байна. Тэгвэл зарим нь төдийлөн нөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Олон улсын хэмжээнд улаан буудайн нийлүүлэлт хангалттай байгаа учир дэлхийн улаан буудайн зах зээл болоод хүнсний хомсдолтой гэгдэх бага орлоготой орнуудад хүнд тусахгүй гэж үзсэн нь нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүргэж буй аж. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаын Улаан буудайн ахлах эдийн засагч Абдолреза Аббасиан “Нийлүүлэлт хангалттай байна” хэмээгээд “Томоохон худалдан авагч орнууд үүнд анхаарлаа хандуулж байгаа” гэжээ. Эдгээр орнуудад Египт, Иран, Турк багтаж буй.  Аббасианы үзэж байгаагаар татварын дээрх арга хэмжээний гол нөлөө дэлхийн эрэлт гэхээсээ илүүтэй ОХУ, худалдааны түншүүд хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм байна.  Орос хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэл хоёр сая тонн улаан буудайн үр нэмж экспортлохоор байгаа нь татварын шинэ бодлого хэрэгжихээс өмнө хийгдсэн худалдааны гэрээнүүдэд заасан үндсэн үүргээ биелүүлэхэд чиглэх юм. 
Бүхэлд нь авч үзвэл ОХУ-ын улаан буудайн экспорт энэ жил гурван хувиар өсч, 23.5 сая тоннд хүрнэ гэсэн таамаг гарчээ. АНУ-ын улаан буудайн экспорт 44 жилийн хамгийн доод түвшинд унаж 21.8 сая тонн болон буурах талаар АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны (USDA) гаргасан статистикт дурьджээ. Канад улсын хувьд өнгөрсөн жил 24.1 сая тонн улаан буудай экспортолсон бол энэ жил 20.5 сая тонн болж буурах төлөвтэй байгаа юм байна. “Улаан буудайн боломжит нийлүүлэлт хангалттай их байна. Гэхдээ эцсийн дүнд үнэ чухал” хэмээн Interflour Group Pte компанийн гүйцэтгэх захирал Грег Харви онцолсон байна. Ам.доллар чангарсан явдал бусад валютаар худалдаа хийдэг орнуудад хүнд тусаж буй. Нөгөө талаар энэ явдал ОХУ-д боломж нээж байгаа төдийгүй рубль суларсан нь тус улсын экспортыг илүү өрсөлдөх чадвартай болгож байгаа юм. АНУ-ын улаан буудайн экспортлогчдын хувьд Африкийн хамгийн том эдийн засаг Нигер улс руу нийлүүлэт хийх сонирхолтой байдаг. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд Нигерийн Америкаас худалдан авалт хийх хэмжээ хоёр дахин буурчээ. Тэд ОХУ-аас улаан буудайн эрэлтийнхээ тодорхой хэсгийг хангаж байна. ОХУ-ын хөдөө аж ахуйн зөвлөх фирм SovEcon-ий гүйцэтгэх захирал Андрей Сизов “Энэ улиралд бид Нигер гэх мэт холын орнууд руу илүү их борлуулалт хийнэ. Түүнчлэн Мексикт улаан буудай нийлүүлсэн бөгөөд манай улсын улаан буудайн хамгийн том худалдан авагч Египттэй хийх худалдаагаа нэмэгдүүлсэн” хэмээн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Орос тус улс руу жилд дунджаар 4-5 сая тонн улаан буудай экспортолдог байсан бол энэ жил зургаан сая тонн болгон нэмэгдүүлэх зорилготой байгаа аж. Түүнчлэн хоёр улсын Засгийн газрууд Египт дэх улаан буудайн дэд бүтцэд ОХУ-ын оролцоог бий болгох талаар хэлэлцэж байгаа юм байна. Томоохон худалдан авагчдын нэг Иран улс руу ОХУ өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн улаан буудай дахин нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ жил хамгийн багадаа 1.3 сая тонн экспортлох аж.
Ийнхүү эрчим хүчнээс гадна хөдөө аж ахуйн салбарын экспорт, тэр дундаа улаан буудай Оросын экспортын хоёр дахь том бүтээгдэхүүн болно гэдгийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачёв хэлсэн.
ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүнүүд болох газрын тос (90 тэрбум ам.доллар), байглийн хий (40 тэрбум ам.доллар) болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн (15 тэрбум ам.доллар) нийтдээ 145 тэрбум ам.долларыг эдийн засагтаа төвлөрүүлжээ. 

 

Хятадын улаан буудайн экспорт

 

Б.Үүрийнтуяа

   
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД