Санхүү

“AFI”-гийн чуулга уулзалтад 24 орны төлөөлөл оролцоно 2016-05-18 10:38

  Дэлхийн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (ALLIANCE FOR FINANCIAL INCLUSION)-ийн Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн ажлын хэсгийн VI чуулга уулзалт Улаанбаатар хотод энэ тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн хөгжиж буй 95 орны 119 гишүүн байгууллага гишүүнчлэгдсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь ядуу буурай хүн амд санхүүгийн үйлчилгээг хэрхэн ойртуулах тал дээр анхаарал хандуулан ажилладаг олон улсын байгууллага бөгөөд санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдад зориулсан дэлхийн хамгийн анхны сургалтын даяарчлагдсан (глобал) платформ, бодлого боловсруулагчдын дэлхийн сүлжээ байгууллага юм.

Тус нийгэмлэгт манай улсаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк гишүүнээр элсэн,  иргэдэд санхүүгийн үйлчилгээг ойртуулах, санхүүгийн хүртээмжийн шинэчилсэн бодлогыг тодорхойлох, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна.
 
Манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн  Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн ажлын хэсгийн VI чуулга уулзалтад 24 орны Санхүүгийн зохицуулагч байгууллага, Төв банкны төлөөлөл болох 35 зочин оролцох аж.
Энэ удаагийн чуулга уулзалтаар санхүүгийн зохицуулалтын эрх зүйг боловсронгуй болгох, холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулж нэгтгэх, санхүүгийн хүртээмжийн зорилтууд, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгээс явуулж байгаа харилцан суралцах хөтөлбөрт оролцох, бусад орны туршлага судлах, мэдлэг солилцох хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорих юм байна. 
 
Монгол улс дахь санхүүгийн хүртээмжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал,  Мапутогийн баталгаа–ЖДҮ-ийн санхүүгийн үйлчилгээ болон хүйсийн тэгш байдлыг хангах зорилтуудыг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Фижигийн бодлогын чуулганд хэлэлцүүлэх асуудлууд, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн орнуудад хэрэгжиж буй ЖДҮ-ийн санхүүгийн шинэчлэл, өөрчлөлтүүд, тэдгээрийн явц, санхүүгийн хүртээмжийн дата өгөгдөл, эрсдэлийн удирдлага, хянан шалгалтын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн тус чуулга уулзалтаар Санхүүгийн хүртээмжийн бодлогын нэгдсэн мэдээллийн санг бий болгох тал дээр хамтын шийдвэр гаргаж, бодит үр дүн гарна хэмээн албаныхан хэллээ. 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД