Үнэ ханш

Ноолуур “ногоон”-д хувирдаг сезон дуусчээ. 2016-05-19 17:17

Ноолуурын үнэ буурсаар байна. Монголын хөдөө аж ахуйн биржид өнөөдөр нийт 77 тонн боловсруулаагүй ноолуур арилжаалагдаж 4.6 тэрбум төгрөгийн  гүйлгээ хийгджээ. Энэ нь тавдугаар сарын 4-ны оргил арилжаатай харьцуулахад 2.5 тэрбум төгрөгөөр буурсан дүн. 
 
Өнөөдрийн арилжаагаар 53 тонн цайвар ноолуурыг кг тутмыг нь 60300, 24.2 тонн бараан ноолуур 58300 төгрөгийн дундаж ханшаар арилжаалсан байна. Гэтэл энэ сарын 3-нд боловсруулаагүй бараан ноолуур 70131 төгрөг хүрч, маргааш нь 140 тоннын арилжаа хийгдэж байв. Боловсруулаагүй бараан ноолуурын өнгөрсөн долоо хоногийн дундаж ханш 62 мянган төгрөг байсан юм. 
 
Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан нэг кг боловсруулаагүй бараан ноолуурын үнэ 2014 оны гуравдугаар сард 89 мянган төгрөг хүрч байсан үетэй харьцуулахад бараг хоёр дахин буурчээ. Үүний шалтгааныг гадаад орчноос хайж болох юм.
 
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 4000 орчим тонн ноолуур экспортолсон гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээлжээ. Монгол Улсын гадаад худалдааны тайлан тэнцлээс үзэхэд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар экспортын ноолуурын хэмжээ 247 хувиар өссөн боловч үнэ эсрэгээрээ 147 хувиар буурсан байна. Ноолуур “ногоон”-д хувирдаг сезон дуусчээ.
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД