Үзэсгэлэн

“Алтанбулаг экспо 2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа боллоо 2016-05-23 12:11

“Алтанбулаг экспо 2016” арга хэмжээг өнгөрсөн 21-22-ы өдрүүдэд Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, МҮХАҮТ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон бусад холбогдох газрууд хамтран амжилттай зохион байгууллаа. Форум  зургаан салбар хуралдааны хүрээнд өрнөж, оролцогчдын тоо, хамрах цар хүрээгээрээ “анхны” гэх тодотгол олонтой энэ удаагийн экспо хоёр өдрийн турш хэдэн мянган зочид, гийчдийн хөлд дарагдлаа.

Олон улсын форумын хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ОХУ-ын Буриад улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын төлөөлөгчид оролцов.

Ийнхүү гурван улсын төрийн төлөөлөл, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид хамтран худалдаа, үйлдвэрлэл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцсэнд  энэ удаагийн арга хэмжээний гол ач холбогдол оршиж байв. Өөрөөр хэлбэл, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар зөвхөн дотооддоо ярилцах бус хоёр хөрштэйгөө ойлголцох, оновчтой шийдэлд хүрэх, төрийн зөв бодлогоор дэмжих нь 10 гаруй жилийн турш яригдсан чөлөөт бүсийг жинхэнэ ёсоор нь “амилуулахад”  онцгой ач холбогдолтой болохыг оролцогчид хэлж байлаа.

“Алтанбулаг экспо 2016”-г УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Гурван улсын 100 гаруй аж ахуй нэгж Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цайны замын гол зангилаа болж байсан эртний түүхтэй энэ газарт чөлөөт бүсийг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн. Нийт 500 га талбай бүхий Алтанбулагийн чөлөөт бүсэд суурь дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд хөрөнгө оруулагчдаа татах ажил эрчимтэй өрнөж байгаагийн нэг хэлбэр нь энэ удаагийн арга хэмжээ байв. Эдүгээ дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгааг энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү илтгэлдээ дурдсан юм.
 
Алтанбулаг чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Суурь дэд бүтцийн хувьд чөлөөт бүсийн доторхи шугам хоолой бэлэн болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн  цэвэрлэх байгууламжтай холбох ажил энэ ондоо дуусгахаар ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эхний ээлжийн цахилгаан хангамж бэлэн болсон төдийгүй  өргөтгөх боломжтой аж. Энэ мэтчилэн үндсэн дэд бүтцийн ажил дуусгавар болсон бөгөөд тус  чөлөөт бүсэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв барьж, байгуулах төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байна.
 
Эх газрын боомт хот болон хөгжихөөр тэмүүлж буй “Алтанбулаг” чөлөөт бүсэд  аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг цогцлоож, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлд Монгол Улс чармайн ажиллаж буй. 10 гаруй жилийн турш яригдсан “хуучин” танил мэт боловч цоо шинэ ойлголт, цоо шинэ  бизнес, хөгжил болсон чөлөөт бүсийн тухай Орхон-Сэлэнгийн бэлчирт саатсан зочид, төлөөлөгчид санал, бодлоо хуваалцав. Гурван улсын харилцан ашигтай, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа  чөлөөт бүсэд өрнөх болох боломжтой гэдгийг энэ удаагийн экспо харууллаа. 
 
 
 Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД