Эдийн засаг

Үзэл бодол

Р.Амаржаргал бол... 2016-06-06 10:09

Р.Амаржаргалыг УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүйд олон хүн гайхаж буй. Нийгэм түүнээс яагаад гэдэг асуулт асуухыг хүсэж байна. Би ч гэсэн түүнийг дэвших нь тодорхой хэмээн  бодож байв. Тийм ч учраас сонгуулийн нэрс хараахан тодроогүй байх үед түүний тухай өөрийнхөө мэддэгийг бичмээр санагдсан юм. Хэдийгээр Р.Амаржаргалгүй, дуучин, жүжигчин, бөхчүүд түлхүү хүч үзсэн сонгууль болох гэж байгаа ч Амаржаргал гишүүний  тухай бичсэн нийтлэлээ хүргэе.
 
Би түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах үеэс мэдэх юм. Улс оронд зах зээлийн шилжилт явагдаж байсан эдийн засаг хүндхэн үе буюу 1999 онд Р.Амаржаргал Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд болсон юм. Харин миний бие 2000 онд сэтгүүлч болох хүсэл өвөртлөн “Өнөөдөр” сонины босгоор алхаад байлаа. Анхны сурвалжлага хийх томилолтыг Дархан, Сэлэнгийн зүгт авав. Улаанбаатар хотоос Сэлэнгэ хүртэлх 400 орчим км хатуу хучилттай замыг барьж, ашиглалтад өгөх арга хэмжээ болж, Ерөнхий сайд Р.Амаржаргал нисдэг тэргээр очиж, уг замыг хүлээн авах туузыг хайчилсан юм. Улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх энэхүү замыг хүлээн авах үед хөх тэнгэрээс хур бороо орж, шинэхэн замыг мялааж билээ. Шинэхэн сэтгүүлч би ч ирээд сониндоо “Нартай, хуртай шинэ зам” гарчигтай сурвалжлага нийтлүүлж байлаа. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
 
2011 онд эдийн засаг, бизнесийн, монгол англи хэлээрх “Mongolian Economy” сэтгүүл маань мэндэллээ. Өнгөрсөн хугацаанд хамгийн үнэ цэнэтэй шүүмж, хамгийн үнэ цэнэтэй урмыг бидэнд олон хүн өгч иржээ.Тэдний нэг нь Р.Амаржаргал гишүүн.Нэлээд хатуу ч шүүмж хэлнэ. Яг л өөрийн намаа, өнөөгийн улстөрчдийг шүүмжилдэг шигээ л манай сэтгүүлд хандана. Түүнийг шүүмжийг сонсоод гайхах, бас дургүй хүрэх үе ч бий. Заримдаа арай ч дээ, энэ гишүүн гэж бодогдоно, бас “шар” хүрнэ ч. Гэхдээ ихэнхдээ баярлана. Сэтгүүлтэй минь ямар ч холбоо хэлхээгүй мөртлөө дотно ханддагт нь баярладаг юм, Амаржаргал гишүүнд. Энэ дугаарын чинь энэ, тэр нийтлэл тийм байна, энийг хүмүүс унших уу, дэлхийн эдийн засгийн хандлага ийм зүг рүү явж байна, гэтэл та нар ийм юм бичиж л байдаг, юм унш, дэлхийг, ард иргэдийн амьдралыг хар гээд л ярина, зөвлөнө. Нэг өдөр бүр шугам, харандаа авснаа сэтгүүл дээр маань зурж, хэмжиж байгаад л хэлбэр хэмжээний хувьд ийм, нугалахад л халаасанд багтчихмаар байвал ямар вэ гэж билээ.
 
Тэрбээр Английн  “The Economist” сэтгүүлийн фэн, Монголын уншигч, захиалагч нь. Энэ сэтгүүлийг захиалан уншдаг УИХ-ын гишүүн бараг л гарын таван хуруунд л багтах байх. Р.Амаржаргал гишүүн заримдаа манай хоёр сэтгүүлийг харьцуулж ирээд л ярина. Бүр хуудас хуудсаар нь шүү. “The Economist” онцлох хуудсандаа энэ асуудлыг энэ талаас нь ингэж хөндсөн байна, гэтэл танай онцлох нийтлэл ийм байна гээд л шүүмжилнэ.Тэгэхээр нь би 190 орчим жилийн түүхтэй дэлхийд алдартай “The Economist”-той таван настай манай сэтгүүлийг харьцуулан ярьж байгаад нь дотроо баярлана. Харин өнгөрсөн жилийн нэг арга хэмжээ дээр гишүүн “Танай сүүлийн хэдэн дугаар гайгүй гарсан байна лээ” гэж билээ. Тэр ийм л хүн.
 
Уншигч авхай та улстөрчид ингээд л хэвлэлийнхний дотоод асуудалд оролцдог юм байна гэж бодуузай. Тэр хардалтаас бол арай өөр зүйл би яриад байгаа юм. Тэр Монголд улс төрөөс хараат  бус, үнэн бодитой мэдээллийг зөв өнцгөөс өгчихдөг, мэргэжлийн сайн сэтгүүл байгаасай гэсэн үүднээс манай сэтгүүлд хатуухан шүүмж хэлж, бас зөвлөгөөг харамгүй өгдөг гэж би ойлгодог.Р.Амаржаргал гишүүн ОХУ-д оюутан байхдаа Оросын шинжлэх ухааны, эдийн засгийн сэтгүүлүүд захиалан уншдаг байж. Эх орондоо очоод нийгмийн хөтөч болсон сайн сэтгүүл гаргахыг ихэд хүсдэг байсан тухайгаа нэгэн удаа ярьж билээ.
 
Бидний хувьд Монголынхоо Economist,энэ зорилгын өөд явж буй, хичээн ажиллаж байгаа хүмүүс. Тиймээс ч “The Economist” сэтгүүлтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн явж байна. Энэ жил бид тус сэтгүүлийн жилийн “Дэлхий-2016” дугаарыг тусгай зөвшөөрлийн хүрээнд монгол хэлээр гаргаж, уншигчдадаа хүргэсэн. Энэ дугаараасаа Амаржаргал гишүүнд өгсөн юм. Тэрбээр “Өө баяр хүргэе” гэээд, өөрийн твиттертээ тус сэтгүүлийн нүүрний зургийг “онц” гэсэн үнэлгээтэй хамт маш хурдан оруулчихаж билээ.
 
Бас би түүнтэй “Авралын Засгийн газар байгуулах ёстой” гарчигтай ярилцлагыг 2014 оны есдүгээр сард хийсэн юм. Хямрал газар авсан, Н.Алтанхуягийн Засгийн газар ч нэлээд дэнжигнэсэн тийм л цаг үе байсан. Үнэндээ бол мэргэжлийн, авралын засаг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн байсан юм. Удсан ч үгүй засаг унаж, шинэ Ерөнхий сайдын асуудал яригдаж, Амаржаргал гишүүнийг Засгийн газрын тэргүүнээр тавьж, улс орноо аврах тухай их ярьсан ч эцсийн эцэст улс төрийн хэлэлцээр, намын, фракцын бүлэглэл гээд асуудлууд гарч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон түүхтэй.
 
Түүний хувьд манай нам гээд учир зүггүй гүйгээд байдаггүй, харин ч намынхаа дутагдлыг ил тодоор хатуухан хэлчихдэг, үүгээрээ намдаа том үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгодог хүн. Алдаа дутагдлыг нь зөв талаас нь харж, хэлж, шүүмжилж байж хөгжинө, урагшилна шүү дээ гэж тэр үздэг. Бас фракц, бүлэг, албан тушаал, эрх мэдэл, мөнгөний төлөө явдаггүй учраас олонхийн дэмжлэг авч чаддаггүй, заримдаа ганцаардмал хүн шиг харагддаг. Тэр түлхүү макро эдийн засгийн том асуудал, хуулиудад анхаарал хандуулж ажилладаг улстөрч, эдийн засагч. Тойргийнхоо энэ хороонд худаг барья гэхээсээ илүүтэй улсын төсөв, мөнгөний бодлого ярьж, алдааг нь залруулж, төсвийн зарлагыг хянах талд үг хэлдэг хүн.
 
Амаржаргал гишүүн нэг асуудлыг Парламентад сонгогдсон цагаасаа хойш байнга л хэлж ирсэн. Хариуцлага, хариуцлага, бас дахин хариуцлага. Энэ систем төрд өнөөдөр нэг л хэрэгжихгүй байгаа юм.Түүний үгийг сонсож, хариуцлагын системийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүнээсээ хүртэл татгалзахыг хүссэн. Өөрийг нь сонгосон иргэдээ бодоод тэр гишүүн гэдэг албан тушаалаа өгье гэсэн. Өөрийн намын бодлого, мөн улстөрчийн увайгүй шунаг сэтгэлээс тэр ичсэн хэрэг. Гэхдээ ангийнхан нь бараг бүгд түүнийг УИХ-д байх ёстой хүн гэж үзэж, суудалд нь авч үлдсэн. Түүнийг ямархуу улстөрч болохыг энэ үйл явдал тод харуулна.
 
“Блүүмбэрг Монголиа” телевиз  энэ жил “Шилдэг эдийн засагч” шагналаа Р.Амаржаргал гишүүнд өгсөн. Тэрбээр шагнал гардах үеэрээ “Би энэ шагналыг авахдаа ичихгүй байна” гэж хэлсэн. Хүн ичих булчирхайтай байх ёстой гэж тэр үздэг. Учир нь өнөөдөр хүмүүс шагнал авах дуртай болсон. Гэхдээ тухайн шагналыг авах хэмжээний хөдөлмөрлөсөн хүн мөн эсэхдээ дүгнэлт хийж амьдрахыг тэр өөрийн энэ үгээрээ нийгэмд хэлж, анхааруулахыг хүссэн болов уу. Амаржаргал гишүүний хувьд тэр угаасаа л шилдэг эдийн засагч хүн шүү дээ. Нийгэм ингэж л хүлээн авсан.
 
Түүний тухай олон нийтлэл, ярилцлага байдаг. Мэдлэгтэй, тулхтай, жинхэнэ улстөрч гээд л манай хэвлэлийнхэн тодорхойлж болох бүх үгийг хэрэглээд хөрөг нийтлэлүүд бичсэн. Иргэд ч Амаржаргал гэж хэн бэ гэдгийг сайн мэднэ. Харин миний тухайд ийм л зүйл бичихийг хүсэв. Мэдээж тэр УИХ-д байх л ёстой, хэрэгтэй хүн. Түүний мэдлэг, туршлагыг улс ашиглах л ёстой. Бид ч ашиглахыг хүснэ.
 
 
Д.Бэхбаяр
2016.05.20
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2016 оны06 сар / 08 10:39

ЖАЛБУУ.

Уянга 2016 оны06 сар / 08 09:25

Өнөөдрийн Монгол улсынхаа төрийн байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг харахад үнэхээр өрөвдөлтэй санагддаг.Цаасан дээр бууж байгаа нь мундаг, харин бодит байдал дээр танил тал, өнгө мөнгө, долигнол бялдуучлал,аргацаасан, чадваргүй, сэтгэлгүй төрийн албан хаагчид.Ийм л дүр зураг.Төрийн албанд ажиллах шалгуур хувийн секторын ажилтан шалгаруулдаг шалгуур өдөр шөнө шиг.Шаар шавхруу гологдол нь төрийн албанд танил талаараа ордог учраас чадваргүй сандлын бөглөөснүүдээр дүүрч байна.Ийм цагт чадалтай мэдлэгтэй, зөв хандлагатай нөхдөө дэмжих Зоригтой шударга Монголчууд үгээ хэлж зөв хүмүүсээ дэмжмээр байна.Р.Амаржаргал гишүүн их уншдаг, мэдлэгтэй, шударга, даруу төлөв,туршлагажсан жинхэнэ чадварлаг төрийн албан хаагч мөнөөс мөн. Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой. Түүнийг бол дэмжинээээ.

Guest 2016 оны06 сар / 08 07:12

amarjargal uhaantai nas tuushtai uchraas tord garahgui tord hunii garaar hodloh uhaangui bodlogogui yag bayanselenge shig teneguud garch hunii hii gesniig hiij uuniig idie gesniig ni ideltsej tom hazaj chadahgui bol amsaj baidag olon hovdogbovsroogui bodolgui humuus baih ni tedend heregtei uchraas uhaant hund suuh suudal ogohgui l dee

Зочин 2016 оны06 сар / 07 09:26

Дуучин, жүжигчин, хөтлөгч, тамирчид... нэр дэвшиж буй үед ийм л эдийн засагч улс төрчид дутагдаж байна даа.

buyanaa. 2016 оны06 сар / 06 20:57

...irekh jil AN-NAAS ERENKHIILEGCHID NER DEVSHUULEKH GANTS KHUN DEE.....ANGIL KHLELTEI, EDIIN ZASAG SANKHUUGIIN MEREGSHSEN ULS TERIIN UIL, AJILD TURSHLAGA SUUSAN ENE KHUNIIG ERENKHIILEGCH BOLBOVOL ENEEDER NER KHUND NI ESEJ BAIGAA MONGOLIIN GADAAD KHARILTSAAG EED TATAAD AVCH YAAVJ CHADAKH KHUNII NEG BILEE....

Guest 2016 оны06 сар / 06 19:52

Ene hun bol tur tushiltseh noen nuruutai hun mun eh oronch ej boddog

Guest 2016 оны06 сар / 06 18:37

Ene huniig tur tusheltsuuleh ni mongolchuudiin hubid mash chuhal heseg buleg luiwarchin awligachid ataarhuu buleg humuus durgui baidag boltoi odoo baigaa sain humuusiin shildeg ni R.Amarjargal ....

Guest 2016 оны06 сар / 06 10:55

UIH-d baih hamgiin bolomjtoi hun gej boddog gehdee uhaantai hun teneguudiin dund.shunaltnuudiin dund hetsuuhen l baisan baih l daa.Tuuniig oilgoj baina