Хүний хөгжил

Монголчууд залуу байна, гэхдээ... 2016-06-15 14:55

Монгол Улс Хүний хөгжлийн индекст үндэсний түвшиндөө 0.727 гэсэн үнэлгээтэй байгаа нь ихээхэн ахисан үзүүлэлт гэдгийг Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл 2016-д тусгажээ. Гэхдээ манай улсын таван хүн тутмын нэг нь ядуурлын түвшнөөс доогуур амьжиргаатай байгаа төдийгүй хот, хөдөөд эл үзүүлэлт ялгаатай байгааг дурьдсан байна. Хүн амын бүтцийн хувьд 2015 оны байдлаар  нийт монголчуудын 34.9 хувь нь (1.0 сая гаруй) 15-34 насныхан байгаа нь хөдөлмөрийн насны иргэдийн дийлэнх хэсгийг бүрдүүлж буй юм. Хэдийгээр 2030 оноос эхлэн монголчууд “хөгширч” эхлэх төлөвтэй байгаа ч 2040 гэхэд 15-34 настангууд Монгол Улсын дөрвөн сая хүн амын 29 хувийг бүрдүүлж байх тооцоог дээр дурьдсан илтгэлд онцолжээ.
 
Тэгэхээр Монголын маргааш болсон залуус хэрхэн аж төрж байгаагаас улсын хөгжил шалтгаалах нь. Иймд эдгээр залуусын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, тэднийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэх, тэдний амьдарлын чанар, эрүүл мэндийн асуудал зэрэгт анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд “Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл 2016”-г танилцуулах үйл ажиллагааны үеэр онцолсон юм. Тэгвэл НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман “Энэхүү концепцийг анхлан танилцуулсан цагаас хойш Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудад тусгасан олон зорилтуудад сайн үзүүлэлт гаргасан. Үүний тусгалыг Хүний хөгжлийн индексээс харж болохоор байна. Өнгөрсөн онд гэхэд л Монгол Улс анх удаагаа “Хүний хөгжил өндөр” гэсэн ангилалд багтаж орсон. Дэлхийн 188 орноос 90 дүгээрт жагсаж байна. 2000 оноос хойш Хүний хөгжлийн индексээр Монгол жилд дунджаар 1.35 хувийн өсөлттэй байгаа нь урдаа жагсаж буй орнуудаас сайн үзүүлэлт” гэлээ.
 
Дээрх тоон үзүүлэлт ийн ахиж байгаа ч манай залуусын амьдралд төдий л хүртээлгүй байгааг онцлох хэрэгтэй. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал боловсролын хүртээмж, хөдөлмөр эрхлэлт төдийгүй нийгмийг оролцоо, мөн эрүүл мэндтэй холбоотой байгаа нь залуу үеийхэнд хамгийн том эрсдэл болж буйг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжил, Мянганы хөгжлийн зорилтуудын хөтөлбөрийн багийн ахлагч Ж.Должинсүрэн өөрийн илтгэлээр хөндсөн юм. Тэрбээр илтгэлдээ “Өнөөгийн дүр зургаар гэр бүлийн хүчирхийлэл, дарамтлал, тэгш бус байдал, ажилгүйдэл гэх мэт нь залуусын хүчирхийлэлд өртөх эмзэг байдлын суурь шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс болж байна. Эдгээрт анхаарахын тулд эрх зүйн тогтолцоо, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төр болон нийгмийн дэмжлэг үзүүлэх нь тэдний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал” гэсэн юм. Түүнчлэн өнөөдөр манай улсад залуусын хөдөлмөр эрхлэх боломж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын зөрүү болон жендерийн ялгаатай байдлаас үүдэн хязгаарлагдмаг байгааг Ж.Должинсүрэн дурьдсан.
 
Залуусын оролцоо гэхээр улс төржүүлэх сонирхол давамгайлж буйг илтгэлийн үеэр МУИС-ийн нэгэн профессор шүүмжилсэн юм. Түүний хэлснээр залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэтээр ярих нь хэтэрхий өнгөц гэсэн бөгөөд хийж бүтээх насандаа улс төрч дагаж гүйх залуус ихсэж буйг онцлов. Өнгөрсөн сонгуулийн дүнгээс харвал дээрх тооны залуусын 45 хувь нь л саналаа өгсөн бол гуравны нэг нь улс төрчдөд итгэх илтгэл буурсан нь улс төрийн идэвх сулрахад нөлөөлсөн гэснийг Ж.Должинсүрэнгийн илтгэлээс харж болно.   Харин   залуусыг дэмжих гэдэг нь ямар салбарт хичнээн залуус юу хийж эдийн засагт бодит үр дүн гаргаж байна вэ гэдгийг анхааран судлах нь илүү чухал гэдгийг илтгэл танилцуулах арга хэмжээний үеэрх асуулт, хариултаас харагдаж байлаа.
 
 
  
 
Б.Үүрийнтуяа

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД