ACEM

Ази Европын редакторуудын дугуй ширээний уулзалт болж байна 2016-07-07 17:04

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг “Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт” өнөөдөр “Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. “Ази Европын цахим харилцаа” сэдвийн дор болж буй энэ удаагийн уулзалтад 24 орны 30 редактор, сэтгүүлч оролцож байна.

Тухайлбал Английн ВВС-ийн “World 2020” Тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн “Португал Импренто Ассоциац”-ын Ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн “Мондэйл Ньюс”-ын Ерөнхий Редактор Жэй Горис, ОХУ-ын ‘‘Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий Редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The рареr.сn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Полып, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас Ерөнхий редакторууд, ахлах редаторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч нар ирсэн байв.
 
Редакторуудын дугуй ширээний уулзалтыг нээж Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ Монгол Улсын иргэд харилцаа  холбоонд цахим хэрэгслийг өргөнөөр ашиглах болсон, гурван сая иргэнтэй боловч 3.2 гар утас хэрэглээнд байдаг. Түүнээс 3.1 сая нь интернэт дата багц ашигладаг. Нийт 2.4 сая хүн интернэтийн идэвхитэй хэрэглэгч болсон зэрэг мэдээллийг зочдод өгч “Мэдээллийн хэт олон суваг нь замбараагүй байдлыг бий болгож байгаа бөгөөд үүнийг зөв удирдах шаардлага бий болж байна” гэсэн юм.
 
Ази Европын улс орнуудын хувьд сэтгүүл зүйн 600 жилийн түүх туршлагатайг доктор Майк МакКлаский хуралдааны үеэр онцолсон юм. Ази Европын ард түмний холбоо харилцалаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхны харилцаа хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Гэвч цагийн бүсчлэлээс хамаараад өдөр хоногийн зөрүүтэй байдал нь мэдээлэл солилцоход байнга тулгарч буй томоохон асуудал юм. Харин цахим орчин нь хил хязгаар, орон зайн бэрхшээлээс ангид байдлаараа асуудлыг шийдвэрлэх гарц болж байгааг Конрад Аденоур Стифтунг хэвлэлийн газрын Азийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Торбен Стефан онцолсон юм.
 
Үүнээс гадна бүс нутагт мэдээллийн хүртээмжтэй болгоход тулгамддаг нэг чухал асуудал нь хэлний ялгаа. Хэдийгээр улс орон бүрт англи хэл дээр хэвлэн нийтэлдэг мэдээллийн хэрэгсэл байдаг болов ч улс бүр төрөлх хэл дээрээ илүү баялаг, илүү чанартай мэдээ материал бэлтгэдэг нь маш их баримт, мэдээлэл олон зуун сая хүлээн авагчид хүрэхгүй байх шалтгаан болж байгаа аж. Харин энэ тал дээр Европын орнууд нэлээд санаачлага гаргаж Европын орнуудад нийтлэгдсэн мэдээллийг орчуулдаг тусгай агентлаг ажиллах болжээ.
 
Түүнчлэн олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулах ажил нь өөрөө нэлээд өртөг шаарддаг тул хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд санхүүгийн том асуудал болдог. Үүний гарц нь Ази Европын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн эвсэл холбоо байгуулж харилцан мэдээлэл солилцдог тогтолцоог бий болгож болох юм гэх зэрэг санал санаачлагуудыг хуралд оролцогчид өнөөдөр дэвшүүлж байв.
 
Редакторуудын дугуй ширээний уулзалт орчин үеийн хэвлэл мэдээллийн бизнест тулгарч  буй бэрхшээл, хөгжлийн чиг хандлага, цахим харилцааны технологийг ашиглах болон бусад сэдвүүдээр хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Монгол Улсыг төлөөлж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь оролцож байна. 
 
 

Ц.Элбэгсайхан
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД