ACEM

ASEM ба төрийн айлчлалууд 2016-07-14 22:44

Сингапур, Монголын иргэд харилцан визгүй зорчино

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэт зочноо ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Сингапурын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
 

Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.

 
Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний айлчлал нь тус улсын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад хийж буй анхны айлчлал болж байгаа бөгөөд  хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал болж байна.
 
Монгол Улс Азийн бар Сингапур улсын хөгжлийн нууцаас суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй билээ. Түүнчлэн талууд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээнд яриа хэлэлцээ хийлээ. Мөн энэ үеэр Монголын Эрчим хүчний хөгжлийн төв, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
 
Ноён Ли Хсиен Лүүн Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нарт бараалхлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын талын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад Сингапур улсын дэмжлэгийг авч хамтран ажиллах асуудлыг хөндөж, харилцан бие биеэ дэмжих болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Хятадын тал Монголын өрийг чөлөөллөө

Мөн энэ өдрүүдэд  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Уг айлчлал хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт бараалхана.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр  АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын засгийн газрын дэмжлэг туслалцаа их байсанд талархал илэрхийлэв. Монгол, Хятадын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж  Монгол Улсын шинэ Ерөнхий сайд мэдэгдлээ.
 
Хэлэлцээний үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар түлхүү  ярилцлаа.
 
Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
 
Мөн Хятадын талд төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн 38 тэрбум төгрөгийн өрийг бүрэн чөлөөллөө.  
 

Шинзо Абэ Монголд гурав дахиа айлчилж байна

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай оронд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Төрийн ёслолын журмын дагуу Эзэн Хаант, Парламентын засаглалтай орны Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн хүндэт зочноор хүлээн авдаг уламжлалтай.
 
Энэхүү айлчлал нь Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын зургаа  дахь удаагийн айлчлал болж байгаа юм.
 
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ, ганцаарчилсан уулзалт хийв. Хэлэлцээний үеэр Элбэгдорж Ерөнхийлөгч Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа  хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов.
 
Тэд өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа дотоод, гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Шинзо Абэ” Монгол Улсын Ерөнхийлөгчтэй миний бие ес дэх удаагаа уулзаж байна. Энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ, мөн бүс нутгийн болон олон улсын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо. Саяхан Монгол Улсад төрийн өөрчлөлт болсон боловч улс төрийн байдлаас үл хамаарч Япон-Монголын харилцаа хэвээр үргэлжилнэ” хэмээн хэллээ.
 
Эдгээр албан ёсны айлчлал хийж буй төрийн томчууд ASEM-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа билээ.
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД