ACEM

ASEM-ийн Дээд хэмжээний уулзалт эхэллээ 2016-07-15 10:06

Улаанбаатар хотын төв хэсэгт сүндэрлэх “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр ASEM-ийн  Дээд хэмжээний 11 дүгээр уулзалт эхэлж байна.  Хоёр өдөр болох  уг арга хэмжээнд нийт 51 орон, хоёр олон улсын байгууллагын  төлөөлөгч оролцож байна. Мөн үүний дотор 15 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд ирнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр өдөр болж, өчигдөр  өндөрлөсөн  ASEM-ийн 15 дугаар Бизнесийн форумыг хааж хэлсэн үгэндээ онцолсон юм.
 
Зочид Улаанбаатарын томоохон  40 гаруй  зочид буудалд  байрлаж байгаа юм.  07.00 цагт   “Шангри-Ла” зочид буудалд зочдыг угтан авснаар албан ёсны үйл ажиллагаа эхлэв.
 
09:00 цагт Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын нээлт боллоо. Нээлтийн үгэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ази-Европ тивийн уулзалтыг Монгол Улсад хийж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Найман зууны өмнө Монголын нийслэл Хархорумд хоёр тивийн элчүүд тив хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондын ойлголцолыг бий болгох, худалдааны чөлөөт, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар уулздаг байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдгийг онцолсон юм. Мөн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Туск нээлтийн үеэр хуралд амжилт хүссэн үг хэллээ.  Нэгдсэн хуралдаан  “Түншлэлийн 20 жил: Өнгөрсөнөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “ASEM-ийн түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” гэсэн хоёр том малгай сэдвийн  дор үргэлжилнэ.
 
Мөн энэ үеэр ASEM-ийн 20 жилийн ой тохиож байгаа нь Монгол Улсын үндэсний баяр болох Наадамтай давхцаж байгаа тул зохион байгуулагч орны зүгээс зочдод зориулсан  наадмын тусгай хөтөлбөр  бэлдсэн байна. Наадмыг өнөөдөр “Чингисийн хүрээ” цогцолборт хийх юм.
 
Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон ASEM-ийн Дээд түвшний долоо дахь удаагийн уулзалтаар гишүүнээр элссэн. Энэ үеэс 2010, 2012, 2014 онд болсон Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсоор ирсэн.  Өнөөдөр Монгол Улс тус уулзалтыг өөрийн орондоо хийж байгаа нь Сонгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам бэхжиж, гадаад үйл ажиллагааг дэмжих, хүндэтгэх, өргөнөөр хамтран ажидллах боломж нэмэгдэж буй улс төрийн ач холбогдолтой юм. Түүнчлэн эдийн засгийн хувьд үүнтэй холбоотой олон улсын үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, сургалт семинар зохион байгуулах, шинэ техник технологи эзэмших, хил, гааль, аюулгүй байдлын чиглэлээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхах  ач холбогдолтой.
 
Энэхүү Дээд хэмжээний уулзалтын өмнө тавдугаар сарын дундаас өчигдрийг хүртэл  ASEM-ийн найман салбар хуралдааныг амжилттай хийсэн юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 13-14-нд болсон ASEM-ийн 15 дугаар Бизнес форумаас гаргасан “Улаанбаатарын тунхаг” бичгийг өнөөдрийн Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлж батлуулах юм. 
 
 
 
 И.Отгонжаргал
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД