Үзэсгэлэн

“Орос-Монгол орнуудын хамтын ажиллагаа-2016” бизнес форум болно 2016-09-15 15:41

ОХУ болон Монгол Улсын хооронд эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспорт импортын үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг ОХУ-ын зах зээлд гаргах, эдийн засгийн шинэ боломжуудыг нээх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “Орос-Монгол орнуудын хамтын ажиллагаа-2016” бизнес форумыг зохион байгуулах гэж байна. 
 
Бизнес форумыг Новосибирск хотод ирэх сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Улаанбаатар хот "Сибирийн нийслэл” гэгддэг Новосибирсктэй өнгөрсөн жил ах дүүгийн харилцаа тогтоосон юм. Энэхүү бизнес форум болон “Монголын өдрүүд-2016, Новосибирскт” соёл, спортын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санаачилга болон зардлыг Новосибирск хотын “Мэрийн ажлын алба”-аас гаргаж байгаа аж.
 
Уг форум, арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар өчигдөр хоёр талын ажлын хэсэг бизнесийн байгууллагуудад мэдээлэл өгсөн юм. ОХУ-ын төлөөлөгч П.В.Острверхов, С.А.Ефримович нарын хэлснээр бизнес форумд зөвхөн Новосибирск хот төдийгүй Сибирийн бүсийн бүх хот оролцох хүсэлтэй байгаа аж. Форумын үеэр бизнес эрхлэгчид хоорондоо ганцаарчилсан уулзалт хийх боломж олгох бөгөөд Монголын талын бизнес эрхлэгчдийг форумд оролцохдоо зохион байгуулагчдаас тодорхой хүсэлт, санал тавивал илүү үр дүнд хүрэхийг сануулсан юм. Ялангуяа тийм төрлийн бизнес эхлүүлмээр байна, тэр компанитай уулзмаар байна гэх зэрэг буух эзэн, буцах хаягтай хүсэлтийг холбогдох хүн, байгууллага, компанитай нь шууд холбож өгөхөд бэлэн гэлээ.
 
Энэ жилийн форумыг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 95, Орос-Монголын найрамдлын “Манжерок” фестивалийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр тулааны спортын есөн төрлөөр “Найрамдлын цом”-ын төлөө Монгол, Оросын тамирчид нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, “А.Д.Шадовын дуранд Монгол орон” гэрэл зургийн болон уран бичлэгийн урлагийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Мөн 60 уран бүтээлчийн “Талын Монголын аялгуу” тоглолтыг ОХУ-ын “Большой театр”-т тавих юм байна.
 
Хоёр хотын  хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг анхлан ахалж ажилласан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэхдээ эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй, хөрөнгө оруулагч хомстсон энэ үед ОХУ-ын бизнесменүүд хөрөнгө оруулж, түншлэхээр өөрсдөө санаачлан зохион байгуулж байгаа нь бидэнд олдож байгаа том боломж юм гэдгийг онцолсон.
 
Ах дүү хотын хамтын ажиллагааны хүрээнд Новосибирскийн удирдлагууд ихээхэн санаачилгатай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын III, IV хорооллын орон сууцнуудыг дулаалах төслийг тус хот хэрэгжүүлэхээр болсон бөгөөд цаашид I болон XI хорооллыг дулаалах ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. 
 
 

Ц.Элбэгсайхан
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД