Ертөнц

Шинэ төлөвлөгөө 2016-09-29 12:10

ОХУ, Хятад энэ жилийн сүүл гэхэд Монголыг дамжин өнгөрөх ачаа тээврийн шинэ коридор нээх төлөвлөгөөтэй байгаа талаар ОХУ-ын Зам тээврийн яамны Авто тээврийн агентлагийн дарга Алексей Двойных өчигдөр Спуник хэвлэлд ярьжээ. Хоёр улс хоорондын ачаа тээвэр эрчимтэй өсч байгаа үед ачаа тээвэрлэх шинэ маршрут ашиглалтад орсноор Оросын баруун хэсэг болон Хятадын зүүн хэсгээр дамждаг байсан тээврийн замыг даруй 1000 километрээр товчлох боломж бүрдэх юм.
 
Двойных “Гэрээ үзэглэх товыг энэ жилийн 12 дугаар сар гэж төлөвлөсөн...Анхан шатны тооцооллоор тээвэрлэлтийн хөдөлгөөнд дахин зохицуулалт хийснээр ачаа тээврийн урсгал 20 хүртэлх хувиар нэмэгдэнэ. Улмаар цаашид жил бүр 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь Орос, Хятадын гадаад худалдааны жилийн дундаж өсөлттэй уялдах юм” гэсэн байна. Өдгөө холбогдох улсууд хоорондын ачаа тээврийн хөдөлгөөн хил загаа бүсүүдээр хязгаарлагдаж буй бөгөөд олон улсын маршрутаар тээвэрлэж байгаа юм. Двойныхын хэлж байгаагаар шинэ гэрээ хэрэгжсэнээр өмнө нь хамгийн ойр хил залгаа хотуудад ачаагаа зөөвөрлөдөг байсан Оросын ачаа тээвэрлэгчид Бээжин, цаашлаад Тяньжины боомт хотод шууд хүрэх аж. Сибирийн хот Улаан-Үүдээс Бээжин хүрэх тус маршрут Улаанбаатар хотоор дамжин өнгөрөх юм байна.  
 
Хөршүүдийн ачаа тээвэрийн хэмжээ энэ жилийн эхний найман сар гэхэд л 1.9 сая тонн хүрч 2015 оны нийт үзүүлэлтийг давсны дийлэнхийг Оросын газар тариалангийн болон боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, авто машины экспорт бүрдүүлжээ. Орос, Хятадын ачаа тээвэр зүүн бүсэд хүрч тэлэх хандлагатай байгаа аж. Түүнчлэн энэ сарын эхээр ОХУ-ын Зам тээврийн сайд Максим Соколов хэлэхдээ Орос, Хятадыг холбох "Амур Гүүр" төсөл (Amur Bridge Project) 2018 он гэхэд бүрэн дуусна гэжээ. 
 
 
 Б.Үүрийнтуяа

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД