Үл хөдлөх хөрөнгө

Шинэ орон сууцны зах зээлд өсөлт ажиглагджээ 2016-10-17 14:57

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн сар бүр тооцдог “Орон сууцны үнийн индекс”-ийн есдүгээр сарын судалгааны дүн гарчээ.
 
Өнгөрсөн сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.3 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сарынхаас 0.2 хувиар буурсан үр дүн юм. Харин оны эхэн үеийнхтэй харьцуулахад дөрвөн хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар буураад байна.
 
Ерөнхий индекс бууралттай байгаа ч шинэ орон сууцны үнийн индексийг тусад нь авч үзвэл өсөлт ажиглагдаж байна. Шиээ орон сууцны үнийн индекс наймдугаар сарынхаас 0.3 хувиар өсч 14.4 хувьтай гарсан аж. Гэсэн ч энэ нь оны эхэн үеийнхтэй харьцуулахад 3.9 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
Хуучин орон сууцны хувьд үнийн индекс -7.0 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан үзүүлэлт. Мөн оны эхэн үеийнхтэй харьцуулахад 5.7, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 10.3 хувиар буурсан дүн аж.
 
Орон сууцны үнийн индексийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байдаг. Орон сууцны үнэ үргэлжлэн буурсаар байгаа боловч энэ оны зургадугаар сараас бууралтын хурд саарч эхэлсэн хэмээн тус тайланд дурджээ.
 
Тооцоололд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4929 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ /сая төгрөг/
 
 
Хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ /сая төгрөг/

 
 
Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД