Боловсрол

Олон улсын эрдэмтэд нутгийн удирдлагын асуудлыг хөндлөө 2016-10-18 18:15

“NUM Leadership Conference - Capacity Development for Transformation” олон улсын эрдэм шинжилгээний хурал тав дахь удаагаа боллоо. МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн Захиргаа Судлалын Институт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт ээлжит цуврал хурлыг өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.
 
Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан сонирхолтой илтгэлүүдийн нэг нь Германы Подстамын засаглалын өрсөлдөх чадварын төвийн доктор, профессор Тино Шуппаны “Цахим засаглал: Шинэлэг ур чадвар - Юу шаардлагатай вэ? сэдэвт илтгэл байв. Тэрбээр хэлэхдээ “Цахим засаглал бол технологиос илүүтэй зохион байгуулалтын асуудал” гэсэн юм. Жишээ дурдвал, Герман улсад зөвхөн “115” дугаарт залгаснаар төрийн бүх үйлчилгээг авах боломжтой байдаг аж. Олон улсад анх 1970-аад оноос олон нийтийн үйлчилгээнд мэдээллийн технологи ашиглаж эхэлсэн аж. Тэр үеэс л мэдээллийн технологи нийтийн үйлчилгээг өөрчлөх үү гэдэг асуулт тавигдаж иржээ. Тиймд, цахим засаглалыг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүд “чадамж”-тай байх шаардлагатай. “Чадамж” гэдэг нь ажлын ур чадвараас ялгаатай ойлголт. Товчхондоо, мэргэжилтэн тухайн боловсролыг хаанаас олж авсан, ямар зэрэг, дипломтойгоос үл хамааран тухайн ажлыг гүйцтгэх, юу хийж чадахыг хэлнэ. Тиймээс, мэргэжилтнүүд цахим орчинд ажиллах шинэ чадамжуудад суралцах шаардлагатай болох  нь.
 
Мөн АНУ-ын “Жонс Дэй” хуулийн фирмийн мэргэжилтэн Борис Долгонос “Олон талт мэргэжлийн багуудын үр дүнтэй гэрээ хэлэлцээр ба CONNEX санаачилгын дэмжлэг” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Засгийн газрууд бизнесийн аливаа гэрээ хэлэлцээ хийхдээ олон улсын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг яагаад авах шаардлагатайг тайлбарласан. Хэдийгээр гадаад мэргэжилтнүүд тухайн улсын дотоод асуудлыг сайн мэдэхгүй ч зах зээлийн хөгжил, чиг хандлага, олон улсын эрх зүйн мэдлэг, гэрээ хэлэлцээрт орж байсан туршлага нь Засгийн газруудад хэрэг болдог байна.
 
Борис долгоносын илтгэлийн гол агуулга нь КОННЕКС санаачилгын талаарх танилцуулга байлаа. 2014 онд ХБНГУ-д болсон “Их-7”-гийн уулзалтаар КОННЕКС санаачилгыг баталсан аж. Энэ нь хөгжиж буй орнуудад арилжааны гэрээ байгуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх байгууллага байх бөгөөд эхний ээлжинд уул уурхайн салбарт анхаарал хандуулж байгаа аж. Тус санаачилгын давуу тал нь мэргэжлийн бүх чиглэлээр дэмжлэг үзүүлэх тусгай баг байж, ихэнх Засгийн газруудын хүсдэг богино хугацааны, яаралтай дэмжлэг үзүүлж байх аж. Гэхдээ одоог болтол КОННЕКС байгуулагдаагүй байна. Эн түрүүнд төсөв, сангийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа гэнэ. Түүнчлэн ХБНГУ-ын Засгийн газар тус байгууллагыг байгуулахад их хэмжээний санхүүгийн тусламж олгоно гэдгээ саяхан мэдэгдээд буй аж.
 
Энэ өдрийн илтгэлийн эхлэл нь ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институтийн захирал доктор, профессор Цыковын “Үр дүнтэй нийтийн удирдлагын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт” байв. Тэрбээр “Орон  нутагт нийтийн үйлчилгээний үр өгөөжтэй, хариуцлагатай үйлчилгээг үзүүлэх нэг үндэс нь аль болох олон үүрэг хариуцлага ногдуулах” гэж үзэж байна. Германы туршлагаар бол орон нутгийн эрх бүхий байгууллага нь санхүү болон сангийн бие даасан шийдвэр гаргах эрхтэй байна. Тэгэхдээ захиргааны ажилтнууд ба иргэдийн ашиг сонирхол хоорондын шүтэлцээ бол ардчиллын салшгүй хэсэг гэсэн юм. Төрийн захиргааны байгууллагын хувьд мэргэшсэн боловсон хүчнийг ажилд авах нь хүний нөөцийн гол бодлого байх ёстой аж. Энэ нөхцөлийг хангахын тулд цалин урамшуулал нь тухайн ажилтны сэтгэл татахуйц байх,  албан тушаалын тогтвортой байдлын баталгааг хангах хэрэгтэйг мөн чухалчилсан юм.
 
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар мөн
 
Сингапур дахь Ази-Номхон Далайн Бүс, Японы SAP-Их дээд сургуулиудын холбооны захирал Криспиан Тан - “Ирээдүйг бүтээх-Төрийн удирдлагын зохион байгуулалтыг бэхжүүлэх нь”,
 
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч  доктор, профессор Н. Бурмаа - “Монгол улсын орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, хяналт”,
 
Японы Чуо их сургуулийн  доктор, профессор Хироко Кудо - “Сургалтын удирдлага, хяналт: хувийн болон байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”,
 
сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл солилцсон юм.
 
 

Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД