Бизнес

“Бүтээлч Монгол” маркетеруудын чуулган 2016-10-21 16:14

Борлуултаа ихэсгээд, зарлагаа багасгавал орлого нэмэгдэнэ” хэмээн Майкрософт компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс хэлжээ. Орчин үеийн бизнест хэрэглэгчдээ татахын тулд илүү шинжлэх ухаанч байдлаар хандах нь дэлхий нийтийн чиг хандлага болж байна. Иймд бизнесийн салбарынхан бие биеэсээ аливаа санааг нь хуулах биш харин илүү бүтээлчээр өрсөлдөх жишиг тогтоод байгаа юм.
 
Жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Маркетеруудын өдөр” болгон тэмдэглээд хэдийнэ дөрвөн жил өнгөрчээ. Харин энэ жил “Бүтээлч Монгол” сэдвийн хүрээнд Монголын үндэсний маркетингийн холбооноос Монголын маркетеруудын дөрөвдүгээр чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг чуулга уулзалтаар дотоодын маркетеруудаа нэгтгэх, мэргэшүүлэх, олон улсын чиг хандлагыг мэдэх, улмаар нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах, оюуны том хүч бүхий залуусыг нэгтгэснээр Монгол Улсын хөгжилд хэрхэн нөлөөлөх, үндэсний брэндээ дэлхийд хэрхэн гаргах зэрэг олон сэдвийн хүрээнд яриа хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Энэ удаагийн чуулганд нийт 900 орчим бизнес эрхлэгч, маркетерууд хуран чуулж, санаа бодлоо солилцсон юм. Мөн уламжлалт ёсоор Монголын шилдэг маркетерууд илтгэл тавьж салбарын залуучуудтайгаа мэдлэгээ хуваалцлаа. Энэ өдөр хамгийн түрүүнд Vision группийн захирал Э.Энхбат илтгэл тавилаа. Тэрбээр “Дэлхийн маркетингийн чиг хандлага аль хэдийнэ 4.0 хувилбарт шилжлээ. Харин бид одоог болтол 2.0 дээрээ л байна. Би саяхан Токиод болсон Дэлхийн маркетерын чуулга уулзалтад оролцоод ирлээ. Түүнд яригдсан хамгийн гол санаа нь маркетеруудын ажилд нийгмийг өөрчлөх, хэрэглэгчийн хүсэл мөрөөдлийг нээх хүч байгаа гэдгийг хэлж байсан юм” хэмээн илтгэлдээ тэмдэглэв.
 
Үргэлжлүүлэн “Брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд стандартын үүрэг” сэдвээр “Евразийн зөвлөхүүдийн групп”-ийн гүйцэтгэх захирал, BSI  буюу Британийн Стандартын байгууллагын зөвлөх Албеков Махмуд, мөн уул уурхайгаас бусад бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар “Монголын брэнд дэлхийд” сэдвээр “Seaberry farm product” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болортуяа нар илтгэл тавилаа. Харин өнөөдрийн илтгэлүүдийн хамгийн сонирхолтой нь нөлөөллийн маркетингийн талаар интерпренёр, маркетер Х.Мөнхбилэгийн тавьсан илтгэл байв.  Тэрээр “Брэнд бүтээгдэхүүн хэрэглэгч хоёрыг холбох хамгийн үр дүнтэй арга бол нөлөөлөгч хүнийг ашиглах. Өөрөөр хэлбэл, нийгэмд трэнд болж буй сошиал од, дуучид, улстөрчдийг ашиглах нь үр дүнд нөлөөлдөг. Гэхдээ бидний зарим нь нөлөөлөгч хүнийг бүтээгдэхүүний мэдээлэл дамжуулагч төдийхнөөр ашиглаад байдагт алдаа нь байгаа юм” хэмээн туршлага, мэдлэгээсээ хуваалцлаа.
 
Энэ удаагийн Маркетеруудын чуулга уулзалт зохион байгуулалт, цар хүрээний хувьд маш өргөн болж байгаа нь нэг дор 900 орчим бизнес эрхлэгч, маркетеруудыг цуглуулснаас харагдаж байв. 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД