Үзэсгэлэн

Хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү 2016-10-21 18:08

Монгол ямааны ноолуураар торгоноос дутахааргүй чамин хувцас хийх боломжтойг харуулсан үзэсгэлэн Мишээл экспо төвд өнөөдөр нээлтээ хийлээ.

Арав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн 2016” үзэсгэлэн энэ жил илүү өргөн цар хүрээтэй болж байна. Тус үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ажил олгогч эздийн холбооны дэмжлэгтэйгээр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл экспо ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд дотоодын 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид оролцох боломжтой байдаг нь тус үзэсгэлэнгийн нэгэн давуу тал юм.

Нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл “Монголын ноос, ноолуур, арьс шир боловсруулах салбарынхан жилийн ажлаа дүгнэх, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор арав дахь жилдээ үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох үүрэг  гүйцэтгэж байна. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбар нь түүхий эдийн  нөөцийг хомстгох, байгаль орчны бохирдуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн ноос ноолуур, арьс ширэн  бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих  нийгмийн  шаардлага  тулгараад  байгаа өнөө үед  шавхагдашгүй нөөцтэй энэ салбарыг төр засаг дэмжих цаг ирсэн” гэдгийг онцолж байв.

Энэхүү үзэсгэлэнд монгол хонины ноос, ямааны ноолуураар хийсэн хувцас,  үслэг эдлэл, арьс ширээр хийсэн төрөл бүрийн гоёл чимэглэл, цүнх зэрэг бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна. Тэдгээрийн дунд манай улсын голлох ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Говь, Эвсэг, Гоёо, Блю Кашемир зэрэг байгууллага шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм. Харин арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчид болох Дархан Нэхий, Дархан Минж, Мастер Додо, Агни Монланс, Бест Шүүз зэрэг компани оролцож байна. Чанараас гадна өнгө үзэмж, загварт анхаарч ажиллаж байгаа нь бараа бүтээгдэхүүнээс нь мэдэгдэж байв. Тус үзэсгэлэнд үхрийн ширнээс гадна матрын арьсаар хийсэн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд сэргэж, бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч ард түмэн болж байгааг илтгэнэ.

Төр засаг ч тус салбарыг бодлогоор дэмжин ажиллаж байна. Тухайлбал, ноосны үйлдвэрүүдэд 70 тэрбум, ноолуурын үйлдвэрүүдэд 107 тэрбум, арьс ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум  төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 5 жилийн хугацаатай олгож байгаа билээ.

Нүүдэлчдийн гараар бүтээгдсэн хувцас дэлхийн брэнд болох цаг ойрхон байгаа бөгөөд Говь компани л гэхэд 2020 онд өөрсдийн бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгохоор зорин ажиллаж байна.

 

М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД