Хөдөө аж ахуй

Махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 2016-10-24 14:39

Махны салбарынхан ээлжит хэлэлцүүлгээ хийлээ. “Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх – малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа”  гэсэн нэртэй энэ удаагийн хэлэлцүүлгийг Дэлхийн банкнаас Монголын хүнсчдийн холбоо, Махны холбоо, Малчдын хамтын хариуцлагын холбоотой хамтран зохион байгуулсан юм.
 
Хэлэлцүүлэгт мянгат малчдын төлөөлөл, судлаачид, хүнсний үйлдвэрийн захирлууд, холбогдох холбоодын тэргүүн, яам, агентлагийн мэргэжилтэн, газрын дарга нар оролцов. Нийтдээ 50 орчим хүн “Туушин” зочид буудлын тавдугаар давхрын зааланд цуглаж, гацаанд ороод байгаа махны экспортыг яаж нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. 
 
Хэлэлцүүлгийн нэгэн гол сэдэв нь малын эрүүл мэнд байв. Энэ чиглэлээр илтгэл тавьсан мэргэжилтнүүд болон оролцогчид Монгол дахь мал, амьтны эрүүл мэндийн тогтолцоог үндсээр нь шинэчлэх цаг болсон гэдэгтэй санал нэгдэж байна. Үүний тулд тодорхой алхмууд хийх хэрэгтэйг санууллаа. Тухайлбал, НЭМ ХХК-ийн зөвлөх, малын эрүүл мэндийн мэргэжилтэн П.Болортуяагийн үзэж буйгаар манай улс эхлээд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий болон Монгол Улсад устгагдсан эсвэл бүртгэгдээгүй өвчнөөр эрүүл гэсэн статус авах шаардлагатай аж.
 
Мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр холбогдох яамнаас ямар арга хэмжээ авч буй талаар ХХААХҮЯ-ны  Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Энх-Амарын ярьсанаар тус яамнаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж баталбал мал эмнэлгийн салбарт эрх зүйн том шинэчлэл болох юм байна.
 
Хэлэлцүүлэгт оролцогчид махны экспортод ямар саад тотгор байгаа талаар өөр өөрийн санал бодлыг дэвшүүлж байв. Тулгамдаж буй асуудлуудыг багцлаад үзэхэд малын эрүүл мэндийн тогтолцооноос гадна мал, мах бэлтгэлийн тогтолцоо, нядалгааны арга хэлбэр, тээвэрлэлт, хадгалалт, хилийн боомтуудын дэд бүтэц, санхүүгийн дэмжлэг гэсэн сэдвүүд яригдав. Тухайлбал, Монголд бэлтгэж буй нийт махны 97 хувийг гар аргаар бэлтгэж буй өнөөгийн нөхцөлд мах экспортлох тухай ярих нь утгагүй гэж “Преком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзаяа үзэж байна.
 
"Уг нь хоёр хөршөөс гадна Вьетнам, Шинэ Зеланд, Австрали, мөн Персийн булангийн орнууд Монголоос мах авах сонирхолтой. Хятадууд монгол малын махыг чанаж болгосон, Арабын орнууд загсаасан байдлаар авъя гэдэг ч бидэнд тийм технологи байхгүй. Шаардлагатай технологиудыг нутагшуулахад төрийн дэмжлэг хэрэгтэй байна" гэж Монголын махны холбооны ерөнхийлөгч Б.Очирбат ярилаа. Харамсалтай нь, урилга тараасан ч энэ хуралд шийдвэр гаргагчдаас нэг нь ч ирээгүй байна. Энэ нь тэдний махны экспорт гэсэн чухал асуудалд ямар хойрго ханддагийг харуулж байна гэж тэр хэллээ.
 
Махны салбарт  дутагддаг өөр нэг зүйл бол малчид, үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа юм. Малчид тарган малаа ченжүүдэд худалддаг атлаа махны үйлдвэрт туранхай малаа заазалж өгдөг тухай  “Хүнс комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Д.Оюунтуяа илтгэлдээ дурдаж, малчид, үйлдвэрлэгчдийн хооронд итгэлцэл бий болгох ёстойг онцоллоо. Энэ тал дээр бусаддаа үлгэр дуурайл болохуйц арга хэмжээг “Завхан хүнс” групп хэрэгжүүлдэг. Тус группийн захирал Б.Энхболд өөрийн туршлагаас хуваалцлаа. Тэрээр2014 оноос  “Завхан нэгдэл” төсөл хэрэгжүүлж Завхан аймгийн 23 сумыг хамруулжээ. Энэ төсөл нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг нэмэх зорилготой. Хэрэв тухайн малчин бүх малынхаа таваас дээш хувийг тушаавал амьдын жингийн 1кг бүрт 100 төгрөгийн нэмэгдэлтэй. Бэлтгэлд авах малын үнийг ил тод зарладаг. Мал тушаасан бүх малчдыг урамшуулал, азын сугалаанд хамруулдаг. Төсөл хэрэгжсэнээс хойш уг компани нийт 2333 малчнаас 50 мянган толгой малыг 5,2 тэрбум төгрөгөөр авснаас 104 сая төгрөгийг малчдад урамшуулал болгон өгчээ.
 
Ийнхүү махны экспортын сэдвээр нэгэн ажил хэрэгч хэлэлцүүлэг салбарын мэргэжилтнүүдийн дунд болж өнгөрлөө. Аливаа арга хэмжээний гол хэмжүүр нь үр дүн байдаг. Энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэлүүд шийдвэр гаргагчдын чихэнд хүрч чадахгүй бол бас л хоосон яриа болоод өнгөрнө.
 
                                                                                        Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД