Хөрөнгийн зах зээл

Төр компаниудаа хувьчлах хэрэгтэй 2016-10-25 15:25

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн гарц” форум хэлэлцүүлгийг Төрийн ордонд аравдугаар сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяраас тодрууллаа.
 
-Хөрөнгийн зах зээлийнхэн чуулах гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь юу вэ?
 
Одоогийн байдлаар дотоодын санхүүгийн зах зээлд банкууд хэт давамгайлаад нэг тал руугаа хазайчихсан нь хямралын үед улам хүндрэлтэй байдал үүсгээд байна. Хэрэв нийт зах зээлийнхээ 95 орчим хувийг бүрдүүлж байгаа банкууд эвгүйтвэл эдийн засаг хүндэрнэ. Тийм учраас эрсдэлээ бууруулахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнөөдөр банкууд эдийн засгийн хямралтай үед эрсдэлээ тооцоолоод зээл өгөхөө зогсоонгуут санхүүжилтээ банкаас авдаг иргэн, аж ахуй нэгжүүдийн хувьд давхар хүндрэл үүснэ. Иймд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд нэг дор цуглаад үүссэн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах гарц, шийдлийг хэлэлцээд гарсан саналуудаа зөвлөмж хэлбэрээр шинэ Засгийн газарт хүргүүлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын гол ач холбогдол нь үүнд байгаа юм.
 
-Өнөөдөр банкууд охин компаниараа дамжуулан хөрөнгийн зах зээлд шургалдаг гэсэн хардлага бий. Жижигхэн зах зээлийг цөөн тоглогч ингэж эзэгнээд байх нь тэнцвэргүй байдал үүсгэж байна. Ер нь бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхдээ юун дээр алдаад байна вэ?
 
-Маш олон шалтгаан бий. Анх гараа нь маш сайхан эхэлсэн боловч төрийн өмчит 400 орчим компанийг хөрөнгийн бирж дээр гаргаад, нэг дор маш олон бүтээгдэхүүн болгосон нь буруу байсан. Учир нь хөрөнгийн зах зээлд компаниуд хувьцаа гаргаж түүнийгээ олон нийтэд санал болгон худалдаад олсон ашгаа үйл ажиллагаандаа зарцуулж компаниа өргөжүүлдэг. Гэтэл манайд өмч хувьчлал болгох хэлбэрээр ашиглачихсан нь ирээдүйгээ хаасан хэрэг болсон. Нэг дор 400 компанийн хувьцааг гаргангуут овсгоотой хэдхэн бизнесмен ихэнх хувьцааг нь цуглуулснаар хэт төвлөрөл үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, дараа нь бид яах вэ гэдэг бодлогоо тодорхойлоогүй нь зах зээлийн ихэнх хувийг банк бүрдүүлэхэд нөлөөлсөн. Түүнчлэн бидэнд зах зээлийн туршлага байхгүй, мэргэжлийн хүмүүсийнхээ дуу хоолойг бус гадаадын хүмүүсийн зөвлөгөөг сонсдог, судалгаа дутуу гэх мэт дутагдал байна. Мөн нөгөө талд Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг зохицуулах байгууллага нь бүгд төрийнх учраас үргэлж улс төрийн томилгоо хийгддэг. Мэргэжлийн байх эсэх нь хамаагүй болчихсон. Эдгээр хүчин зүйлээс болж боловсон хүчний дутагдалд орсон тул бодлого зайлшгүй дутагдаж байна.
 
-Банкуудын хувьд?
 
-Банкууд хөрөнгийн зах зээлд орвол  үүнтэй холбоотой зохицуулалтаа эхнээсээ зөв хийх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн холбоод их анхааруулдаг. Банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төвлөрүүлчихсэн учраас аль болох эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болдог. Тийм учраас хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөрөнгийн зах зээлд оруулах уу гэдэг нь асуудал. Өнөөдөр Монголд энэ талаарх зохицуулалт байхгүй. Тухайлбал, жилийн 17 хувийн хүүтэй Засгийн газрын бондыг банкууд нь худалдаж аваад хөрөнгөө өсгөөд байна. Гэтэл иргэдийн 14 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан хадгаламжаар хөрөнгийн зах зээлд оролцоод байна уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг бид ил болгох нь хамгийн чухал. Түүнчлэн 25 жил банк давамгайлаад ирсэн зах зээлд бидний хөрөнгө хаанаа ч хүрэхгүй.
 
-Банк бүтээгдэхүүний суртчилгаандаа сая сая төгрөг цацаж олон нийтэд мэдээлэл хүргэдэг нь иргэдэд үүнээс өөр сонголтгүй мэт харагдуулдаг байх. Түүнчлэн иргэдийн хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт нимгэн учраас хөрөнгөө хувьцааны бизнест оруулахгүй байна?
 
-Энэ асуудлыг бид маш шүүмжлэлтэйгээр хүлээн авдаг. Хөрөнгийн бирж дээр өдөрт гурван сая төгрөгийн арилжаа хийгдэж байгаа нь зах зээлийн түвшинг шууд харуулж байна. Мэдээж, уначихсан салбар байсан учраас дуу хоолой нь олон нийтэд төдий л нөлөөлж чадаагүй. Харин өнгөрсөн онд манай холбоо үнэт цаасны шинэ хуулийн дагуу  “өөрийгөө зохицуулах” гэсэн статустай болсон нь салбарынхаа талаар дуугарах ёстой гэдгийг ойлгуулсан.  Энэ удаагийн уулзалтаар ч гэсэн олон нийтийн боловсролын асуудал яригдана. Бусад орны туршлагаас харвал энэ чиглэлийн боловсролыг бага наснаас нь эхлэн эзэмшүүлэх хэрэгтэй юм билээ. Хөгжингүй орнуудад хүүхдүүдэд есдүгээр ангиас нь эхлээд бизнес, хувьцаа, эрсдэл, хөрөнгө оруулалт зэргийг заадаг. Гэтэл манайд энэ соёл хараахан төлөвшөөгүй байна.
 
-Гадаадын хөрөнгө оруулагчид манай зах зээлд оролцох сонирхол нэлээд буурсан нь ямар нөлөөтэй вэ?
 
-Энэ нь мэдээж улс төрийн бодлогын тогтворгүй байдалтай холбоотой. Түүнчлэн бид дотоод нөөц бололцоогоо ашиглахдаа муу байна. Жишээ нь, бид хөрөнгийн зах зээлд нийгмийн даатгалын сангийн мөнгөөр хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэтэл энэ мөнгийг манайд төсвийн цоорхойг бөглөх байдлаар л ашиглаад байгаа болохоос биш нийгмийн даатгалын сан хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Тухайлбал, Японы нийгмийн даатгал бол дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан. Энэ мэтчилэн өөрчлөхөөр зүйл бидний хувьд олон бий. Гэхдээ эхний ээлжинд бид эрх зүйн таатай орчинг бий болгох нь чухал.
 
-Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлд аль талын хөрөнгө оруулагчид арилжаанд түлхүү оролцож байна вэ?
 
-Ний нуугүй хэлэхэд энэ чинь л асуудал болчихоод байна. Өнөөдөр бидэнд хуримтлал алга. Тийм учраас зах зээлээ сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулагчийг зайлшгүй татах хэрэгтэй. Зөвхөн хөрөнгийн зах зээл биш, эдийн засгийн хямралаас гарахыг хүсч байгаа бол шүү дээ. Бид нэг зээлээр нөгөө зээлээ дарсаар хэдий болтол явах юм бэ. 2010 оны үед манай экспортын гол бүтээгдэхүүн-ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед Хөрөнгийн бирж дээрх арилжааны 90 орчим хувийг гадаадын хөрөнгө оруулагчид бүрдүүлдэг байсан бол одоо эсрэгээрээ 90 орчим хувь нь дотоодынх болсон.
 
-Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг та бүхэн хэрхэн харж байна вэ?
 
-Бид төрөөс мөнгө хүсээгүй. Гол нь төр зохицуулалтаа хийгээд, бодлогоор  дэмжих ёстой. Тийм учраас хэлэлцүүлгийн үр дүнд гарсан зөвлөмжөө хүргүүлж бодлогын бичиг баримтаа тодорхой болгоход нь хувь нэмрээ оруулж чадвал бидний зорилго биелнэ. Ялангуяа төрийн зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд маш идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Түүнчлэн өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй хийх нь чухал. Гэтэл хуйвалдааны зарчмаар, далдуур хэлэлцээд байгаа нь асуудал үүсгээд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг талцуулаад байна. Гэтэл үүнийг нээлттэй болгох тавцан нь хөрөнгийн зах зээл. Төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг гэсэн мэдээлэл гарсан. Үнэн бол тэр компаниудаа хувьчлах л хэрэгтэй.
 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД