Бизнес

“Монос”-т шинэ цэцэг дэлгэрсэн нь 2016-10-25 17:02

Одоогоос 26 жилийн өмнө Оросын цэргийн ангийн орхиод явсан, халаалтгүй, цахилгаангүй, нэг давхар модон байшинд, тэтгэврийн хөгшин, дунд сургууль төгссөн охин хоёроос өөр ажилчингүй, ердөө 4000 төгрөгийн төсөвтэй, эмийн жижигхэн үйлдвэр ажиллаж эхэлжээ. Энэ бол Монгол Улсын эм зүйн ухааны хөгжил, эмийн салбарт соёолсон үр байв. Тэр үр өнөөдөр Сонсголонгийн орчим 1700 ам метр талбайг эзэлсэн, жилдээ жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын хамгийн том эмийн үйлдвэр болон цэцэглэжээ.

2015 оны онцлох “Энтерпренер ААН” - ийн нэгээр шалгарсан “Монос” группийн эмийн шинэ үйлдвэртэй танилцах аяныг МҮХАҮТ-аас энэ сарын 21-нд зохион байгуулсан юм. Өмнө нь хэд хэдэн эмийн үйлдвэр үзэж байсан сэтгүүлч миний хувьд энэ үйлдвэрт хөл тавиад “wow” гэж уулга алдмаар.   
 
Шинэ үйлдвэр үзэх гэсэн зочдын хөл сүүлийн үед тасрахгүй байгаа тухай “Монос фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл ярилаа. Энэ үйлдвэрийг олон улсад анагаахын чиглэлийн үйлдвэрлэлд мөрддөг GMP (Good Manufacturing Practic) хэмээх хатуу чанд стандартын дагуу барьжээ. Хатуу гэж хэлэхээс өөр аргагүй. Наад зах нь үйлдвэрийн ажилчид, эмийн түүхий эд хоёр тус тусдаа урсгалаар үйлдвэрт нэвтрэх ёстой. Хөрш зэргэлдээ хоёр өрөөний нэгнийх нь хаалга нээлттэй тохиолдолд нөгөөдөх нь түгжээтэй байна. Өрөө тус бүрт агаар цэвэршүүлэлтийн зэрэг, чийг, агаарын хэм, агаар сэлгэлтийн хурд, даралт тохируулах автомат системтэй.
 
Монос групп нь читамон, салимон, дентамон, натурвит, нефромон зэрэг эм, бэлдмэлийг Монгол орны ургамлын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг. Үйлдвэр хариуцсан дэд захирал Б.Энхзаяагийн ярьснаар шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөхөөсөө 3-5 дахин нэмэгдсэн ажээ. Тухайлбал эмийн бүтээгдэхүүн найруулах хэсэгт нэг төрлийн эмийг 4-5 өдөрт найруулдаг байсан бол одоо энэ ажлыг 40 минутад гүйцэтгэдэг болжээ. Мөн 100 орчим хүнийг тогтмол ажлын байраар хангана. Тиймээс Моносынхон шинэ үйлдвэрээ үндэсний эм үйлдвэрлэлийн салбарын түүхэн бүтээн байгуулалт хэмээн бахархаж байна.
 
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа Монгол Улсад зайлшгүй  гэсэн жагсаалтад орсон эмийн 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол энэ үйлдвэр нээгдсэнээр 50 хувийг үйлдвэрлэх боломжтой гэж үнэлжээ.
 
Үйлдвэр барихад 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, зургаан жилийн хөдөлмөр зарцуулжээ. 2009 оноос үйлдвэрийн төслийн судалгаа хийж, 2012 оноос барилгын ажил эхэлсэн байна. Энэ зэргийн эмийн үйлдвэр барих нь орон сууцны барилга босгохоос тэс ондоо. Эхлээд үндсэн барилгаа барина.  Үүний дараа дотор нь ган хавтангууд угсарч давхар барилга барина.
 
Шинэ стандарт шинэ мэдлэг, чадвар шаарддаг учраас Монос групп 2012 оноос ажилтнуудаа гадаад, дотоодын 40 удаагийн сургалтад хамруулан ажиллах хүчээ бэлдсэн байна.
 
Эм үйлдвэрлэлийн салбар нь шинжлэх ухааны мэдлэггүй, зүгээр нэг ашиг олох гэсэн хүнийг өршөөдөггүй бизнесийн талбар юм. Л.Хүрэлбаатар гэх эрдэмтэн хүний сэтгэл зүтгэлээр өдий зэрэгтэй болсон Монос групп хувьцаат компани болж, IPO гаргах бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн. Засаглалаа сайжруулж, олон нийтэд нээлттэй байх гэсэн бодлого, хүсэл тэмүүлэл нь үйлдвэртэй танилцах явцад, зочдыг хүлээн авах байдлаас мэдрэгдэж байв. Үйлдвэрийг бидэнд танилцуулсан Б.Энхзаяа захирал “Энэ үйлдвэр хэдэн өрөөтэй вэ?”, “Хана нь ямар төмрөөр хийгдсэн бэ” гэх мэт хүүхдийн гэмээр асуултад маань харамгүй хариулж байлаа.
 
“Нийгмийн хариуцлага” гэдэг үгийг хоосон уриа болголгүй, үнэхээр хэрэгжүүлье хэмээн хичээж байгаа нь тус компанийн ажил хэрэгч уур амьсгалаас харагдаж байв.    
 
 
Шинэ үйлдвэр
 
 
Г.Даваадорж                    

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД