Хөрөнгийн зах зээл

“Компаниуд хөрөнгийн зах зээл рүү орохоос АЙДАГ” гэв 2016-10-26 18:22

Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Хөрөнгийн Бирж, ЖАЙКА-гаас хамтран “Нэг зорилго, Нэгдсэн шийдэл” нэртэй хөрөнгийн зах зээлийн форумыг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Уг хуралд Монголын томоохон компанийн захирлууд болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд цуглан салбарын хөгжил, тулгардаг бэрхшээл, хувьцаа, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ингээд хурлын онцлох байр суурийг тоймлон хүргэж байна.
 
"Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг:
 
Хувьчлалыг баяр наадамтай зэрэгцүүлэн явуулахаа болих хэрэгтэй. Хүмүүсийн хувьцаанд хөрөнгө оруулах боломжийг нь Санхүүгийн зохицуулах хорооныхон олгооч ээ. Заавал сонгууль тааруулж Эрдэнэтийг, наадам тааруулж Багануурыг авах ёстой байсан юм уу гэдгийг эрх баригчид бодмоор байгаа юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 300 гаруй хадгаламж зээлийн хоршоо, 16 арилжааны банк байна. Өнөөдөр Хятадын банк оруулна, оруулахгүй гэж маргалдаж байна. Одоо ингэж маргалдахаа больё.  Би Хас банкыг үүсгэн байгуулахдаа банк бус санхүүгийн гурван байгууллагыг нийлүүлээд нээж байсан.
 
Тиймээс өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага хамгийн багадаа 100 сая төгрөгөөр нийлж банк байгуулах хэрэгтэй. Ингэснээр банкуудын болж бүтэхгүй асуудлыг шийдэж болно. Заавал Хятадын банк гэхгүйгээр банк бус санхүүгийн байгууллагууд нийлж банк байгуулаад бага хүүтэй зээл олгох боломж нээлттэй байна. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь олон нийтэд нээлттэй, хувьцааг нь хөрөнгийн биржээрээ  арилждаг байх боломжийг нь нээх хэрэгтэй. Өнөөдөр 1000 хүн нийлээд банк байгуулж, ашгаа хөрөнгийн зах зээл дээрээ арилжаалах бүтээгдэхүүний санаа байна.
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:
Ил тодын хуулиар хөрөнгө нь ил болсон 33 мянган компанийн дараагийн асуудал бол засаглалаа сайжруулах асуудал юм. Компанийн засаглалыг сайжруулах хамгийн хурдан хэлбэр нь хувьцаат компани болох юм. Гэтэл ХК болох гэхээр Хөрөнгийн бирж нь болохгүй байна. Үүнийг 1997 оноос хойш төр авч явах гээд дампууруулчихсан. Хөрөнгийн бирж гэдэг ямар ч ойлголтгүй нөхөд Хөрөнгийн биржийг байгуулж, хуулийг нь баталсан. Өнөөдөр нэрсийн жагсаалтад байгаа 299 компанийн 99 нь бараг байхгүй. Ядаж нэрсийн жагсаалтаасаа хасахгүй л явж байгаа байхгүй юу. Манай хөрөнгийн биржийн загвар өөрөө асуудалтай. Хажууд нь банк 12 хувийн хүүтэй мөнгө хадгалаад байхад хэн хөрөнгийн биржид очих вэ ? Үүнээс болж банк зах зээлийн 95 хувийг нь эзлээд байна.
 
 “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:
 
Манай компанийн хувьд дотоодын хөрөнгийн зах зээлд гарах хүсэл байдаг. Гэхдээ 2012 онд бодит нөхцөл байдалтай тулгарахад Монголын зах зээл дээр эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ нь их хэмжээний мөнгө гаргах боломжгүй байсан. Бид Хонг конгийн хөрөнгийн бирж дээр 700 сая ам доллар босгосон. Мөн дотоодын зах зээл дээр гарахад хууль эрх зүйн орчин хаалттай байсан. 2015 онд давхар бүртгэлтэй байх боломж бүрдсэн юм. Дөнгөж 2014 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж гарсан. Үүнийг туршаад, эрсдэлийг нь үүрээд явчихсан компани одоохондоо байхгүй байна.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай:
 
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бүтээгдэхүүн байна гэж ярихаар "Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу ?" гэдэг асуулт гарна. Төрийнхөн, хөрөнгө оруулагчид, дотоодын компаниудад бүтээгдэхүүн байдаггүй. Яагаад бүтээгдэхүүн байхгүй байна вэ гэвэл компаниуд энэ зах зээл рүү орохоос айдаг. Нэгд хөрвөх чадвар муутай. Хоёрт, төлбөр тооцооны механизм ярвигтай учраас бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд хөрөнгөө оруулахаас илүү банкны салбарыг сонгодог. Мөн иргэдийн анхаарлыг татах хэмжээний бүтээгдэхүүн зах зээлд ховор байгаа нь оролцоо тааруу байхад хүргэж буй тал бий. Хөрвөх чадвартай бүтээгдэхүүн бий болгох нь чухал байгаа.
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
хулан 2017 оны02 сар / 02 14:49

АЛТай ялгарч чадаад байна уу хах

hh 2016 оны10 сар / 27 01:49

Ene Altai temee geheer yamaa gesen bna sh de. kk