Боловсрол

Шилдэг инженер бэлтгэнэ 2016-11-02 18:04

 Өнөөдөр Японы Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол улсад төлөөлөгчийн газраа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр оролцов.

Японы Коосэн Үндэсний Технологийн хүрээлэнгийн захирал Танигүчи Исао” Чадварлаг инженер, техникийн ажилтанг эрт бэлтгэх нь илүү үр дүнтэй байдаг.  Коосэн буюу өндөр түвшний технологийн сургуульд 15 наснаас элсэх боломжтой бөгөөд таван жил суралцах юм. Их дээд сургуулиудад зөвхөн онолыг чухалчилдаг бол Коосэн сургалт нь практикыг чухалчилдаг. Ингэхдээ тухайн суралцагчийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бусдаас өөрөөр сэтгэх боломж олгодог онцлогтой”гэв.
Анхны Коосэн  сургууль нь 1962 онд байгуулагдсан бөгөөд дайны дараах Япон орныг сэргээн босгоход  шаардлагатай чадварлаг инженер техникийн ажилтан бэлтгэж байсан. Өнөөдөр Японд 57 коосэн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь тэргүүн Ц.Байгалмаа ”Үндэсний Технологийн Хүрээлэн нь Коосэн сургалтын системийн үндсэн удирдлагын төв байгууллага юм. Манай улсад инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа. Уг байгууллага нь шаардлагатай байгаа боловсон хүчнийг бэлтгэхэд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Энэ жил гурван оронд салбараа нээх бөгөөд хамгийн эхний нээлт манай оронд болж байна” гэв.
Коосэн нь инженер, техникийн ажилтан бэлтгэдэг Японы боловсролын систем юм. Тус систем нь хичээлийн явцад олсон мэдээллээ практик дээр туршиж мэдлэг болгоход чиглэгддэг. Багш нэг бүрчлэн заах бус тухайн суралцагч өөрөө сэтгэх, түүнийгээ өөрөө бүтээх Монозүкүри хэмээх Японы арга барилыг ашигладаг. Ингэснээр суралцагчийн бүтээлч сэтгэлгээ сайжрах, олсон мэдээллээ, практикаар бататгах ач холбогдолтой аж. Одоогоор манай улсад Шинэ Монгол ахлах сургууль, Монгол Коосэн, ШУТИС-ийн Коосэн загварын дээд сургууль гэсэн гурван салбар нээгдээд байгаа бөгөөд инженер технологийн бүх мэргэжлээр сургалт явуулж байгаа юм.
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД