Эдийн засаг

Шинэ уур амьсгал, шинэ өнгө ба Монгол, Оросын шинэ харилцаа 2016-11-03 10:42

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэ хүрээнд ОХУ ын "Новосибиркс хотноо Монгол, Оросын хамтын ажиллагаа 2016, эдийн засгийн форум" болсон юм. Тус арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүдийн сэтгэгдлийг хүргэж байна. Харин чуулга уулзалтын мэдээллийг http://mongolianeconomy.mn/mn/i/9219 хаягаар орж уншина уу.
 
 
 
 
 
 
Д.Гантулга: УИХ-ын гишүүн.  УИХ дахь Монгол- Оросын парламентын бүлгийн гишүүн
Энэхүү форумын үеэр Монголын УИХ, ОХУ-ын Холбооны зөвлөлтэй 20 чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Зарим чиглэлд шаардлагатай бол хууль тогтоомжоо өөрчлөөд санаачлагатай ажиллахад бэлэн гэдгээ Оросын тал илэрхийлсэн. Энэ үг маш чухал юм. Дараагийн бүлэг хоорондын уулзалтаар хил гаалийн асуудлыг ярилцахаар боллоо. Гаалийн хүнд суртал, хууль эрх зүйн өөрчлөлт, хил залгаа боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хоорондоо ярилцаж, тохиролцож ажиллавал илүү үр дүнтэй ажил болох юм. Мах, арьс шир түүхий эд, Монголд үйлдвэрлэж буй олон бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол оросуудад байна. Энэ бол давуу тал. Манай Говь, Гоёо, Буян, Хаан хүнс зэрэг 40 гаруй бизнесийнхэн ирээд Оросын бизнесмэнүүдтэй бизнесийн түншлэл эрэлхийлэн ярилцаж байна. Оросын бизнесмэнүүдэд монголчуудтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэл их байна. Форумын үр дүн гарна гэдэгт итгэж байна.
 

Д.Сарангэрэл: УИХын гишүүн Монгол Оросын парламентын бүлгийн гишүүн
20- р зуунд олж авсан бүх салбар дахь харилцаагаа 21-р зуунд шинэлэг болгох, олон төрлөөр баяжуулах, орчин үеийн залуусын хэллэгээр update хийх цаг ирлээ гэж хоёр тал санал нэгдлээ. Олон жилийн түүхэн харилцааг баяжуулахын зэрэгцээ дэлхий нийтийн өнөөгийн хөгжилд нийцүүлсэн шинэ харилцааг бий болгох хэрэгтэй гэдэг дээр тулгуурлаж ярилцлаа. Аливаа асуудалд ерөнхийд нь бус тодорхой байдлаар харилцахыг Оросын талаас хүсэж байна. Ялангуяа хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэйг цохон тэмдэглэсэн. Монголын сэтгүүлчид ОХУ -ын талаар нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэх, Оросын сэтгүүлчид Монголын тухай мэдээллүүдийг өөрийн орны ард иргэдэд өгөх асуудлаар хоёр улсын Сэтгүүлчдийн байгууллагуудыг хамтран ажиллуулахаар тохирлоо. Эдийн засгийн чиглэлд бизнес эрхлэхэд чөдөр тушаа болж буй асуудлуудыг  Парламентын түвшинд хууль эрх зүйн хувьд шийдвэрлэж ажиллахаар болсон. Тэгэхээр хоёр орны  эдийн засаг, бизнесийн харилцаанд шинэ уур амьсгал, шинэ түлхэц болсон форум боллоо гэж хэлмээр байна.
 
 
Ж.Бат -Эрдэнэ: УИХ -ын гишүүн Монгол- Оросын парламентын бүлгийн гишүүн
Сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон. Уламжлалт харилцааг олон салбарт сэргээх хэрэгтэй байгаа. Эдийн засгийн харилцаа, тэр дундаа орон нутаг, муж хоорондын харилцааг хөгжүүлэх нь ач холбогдолтой байдаг. Тиймээс Новосибиркс хотыг сонгосон гэж үзэж байна.  Новосибирск нь өөрөө Сибирийн төв, нийслэл хот. Зүүн өмнөд Ази, баруун, зүүн, Москватай холбогдох төмөр замын болон автозамын зангилаа хот. Худалдааны бараа эргэлт нэлээд өндөр учир энэхүү худалдааны эргэлтийг Монголд оруулах, эргээд Монголоос бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал яригдах учиртай. Оросын талаас тавьж буй нэг саналыг би дэмжиж байгаа. Хуучны ах дүүсийн харилцаанаас илүүтэй хоёр орны эдийн засгийн харилцан туслалцах, хамтарсан харилцаанд түшиглэх гэсэн санаа гарч ирсэн. Бид цаашид шинэлэг харилцаагаар хөрш оронтойгоо харилцан хамтран ажиллах нь зөв юм. 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД