Боловсрол

Эх хэлний цахим хөгжил 2016-11-03 14:49

“Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулган өнөөдөр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр салбарын сайд “Олон нийтийг төөрөгдөлд оруулж буй зөв бичих дүрмийн цахим програмуудыг цэгцэлнэ” хэмээн мэдэгдэв.

Олон нийтийн сүлжээ нийгмийн харилцааны гол хэрэгсэл болж байна. Хурдацтай явагдаж буй энэхүү үйл явц нь хүний сэтгэхүй болоод тухайн хэлэнд нөлөөлөх болсон. Дэлхийг хамарсан энэхүү шинэ хандлагын хэлэнд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэстэй судлах шаардлага тулгараад байгаа юм. “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганд монгол хэл бичиг, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн,  судлаачид оролцож, эх хэлний цахим хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудалын талаар хэлэлцэв. Уг хурлыг БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болорсофт ХХК” хамтран зохион байгуулж байна.
Хөгжингүй орнууд техник технологийн давуу талаа ашиглан өөрийн хэл соёлоо буурай хөгжилтэй орнуудад дэлгэрүүлж байна. Харин буурай хөгжилтэй болон хөгжиж буй орны хэл соёл устах аюул нүүрлээд байгаа юм. Хэл, соёлоо хамгаалан авч үлдэхийн тулд төрөөс хэлний нэгдсэн бодлого баримтлах, мөн үндэсний бичгээ сэргээх шаардлагатай байгаа талаар хуралдаанд оролцогч эрдэмтэд онцолж байв.
Монгол улсын их сургуулийн зөвлөх профессор Г.Буянтогтох “Монгол хэлийг устгах бодлого Манжийн дарлалын үеэс эхлэсэн. Энэ нь Манжийн төрөөс монгол бичгийг хумих бодлогоор илэрч байсан. Гэхдээ манай ард түмэн бичиг үсэг болоод хэлээ авч үлдэж чадсан. Харин өнөөдөр гадаадын хэл соёлын түрэмгийлэл эрчимтэй явагдаж байна. Энэ түрэмгийллээс монгол бичигтээ эргэж орсноор бид эсэн мэнд үлдэж чадна. Учир нь бичиг нь хэлээ, хэл нь үндэстнээ авч явдаг”.
Монгол улсын боловсролын сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ц.Өнөрбаян “Монгол хэлний найруулга болоод дүрэм замбараагүй болсон нь эх хэлний сургалтын чанартай холбоотой. Хоёрдугаарт мэдээллийн хүчтэй урсгал дунд эх хэлэндээ тавих анхаарал, хариуцлага дутагдсанаас үүдэн дүрмийн болоод найруулгын ноцтой алдаа гарах болсон. Энэ эмх замбараагүй байдлыг төрөөс нэгдсэн байдлаар журамлаж байж цэгцэлж чадна”.
Уг хуралдааны үеэр эх хэлний талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Бичгийн хэлний дүрмийг цэгцлэх үүднээс Ц.Дамдинсүрэнгийн зохиосон дүрмийг баримтлахаар болжээ. Үүнээс өөрөөр бичгийн хэлний дүрмэнд өөрчлөлт оруулахгүй байхаар тогтсон байна. Мөн монгол хэл, найруулгын цахим хуудас нээн ажиллуулахаар болсон байна.

М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД