Ертөнц

Хэрвээ Хиллари Клинтон Ерөнхийлөгч болвол 2016-11-08 16:15

"Mongolian Economy" сэтгүүлийн №05 (107) дугаар
 
 ХЭРВЭЭ ИНГЭВЭЛ ЯАХ ВЭ?  
 Дэлхий 2016 жилийн дугаарыг дагуулан The Economist сэтгүүл “Хэрвээ ингэвэл яах вэ” гэсэн хувилбарууд дэвшүүлснийг бид хүргэж байна.  
 
 
Эхний 100 өдөр 
 
Тэрбээр үндэсний аюулгүй байдлын хувьд барууны үзэл баримтлал руу хазайж, эдийн засгийн хувьд зүүний чигийг барьсаар сонгуульд яллаа. Харин одоо түүний арга барилын үр дагавар нь гарч ирэх нь. 
Америкийн анхны эмэгтэй ерөнхий­лөгч арваннэгдүгээр сард хоёр том эрсдэлийг үүрснээр замаасаа хазайж явсан нэр хүндээ эргүүлэн өсгөж, сонгуулийн кампанит ажлаа авран, ялж чадлаа. Бооцоо тавьсан мөрийнүүдийнх нь нэг болох Кубийн дүрвэгчдийн хямрал, арал дээрх Кастрогоос хойших үймээнд үзүүлсэн түүний огцом хариу үйлдэл үр дүнгээ өгөх гэж байж мэдэх. Хоёрдугаарт, түүний популист “Дундаж түвшнийхэнд өгсөн амлалт” эхнийхээ хуй салхинд өртөж, бусад дотоодын хөтөлбөрүүдийг нь гацаанд оруулахаар байна. 
 
Хиллари Клинтон ерөнхийлөгчийн суудалд суусны дараах эхний 100 өдөрт, соргог мэргэжилтнүүд жирийн үед байдгаасаа өөр хүн шиг байсан түүний байдлыг шуурхай олж харж товойлгон гаргаж ирсээр байна. Хэт болгоомжилдог хэмээн урт хугацаанд дуудуулж ирсэн энэхүү улстөрч кампанит ажлын үеэрээ гаргаж байсан зоримог ичгүүр сонжуургүй дүрийнхээ үр дагаваруудын учрыг олох гэж эхний хэдэн сарыг зарцууллаа. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч энэ долоо хоногт нөхөр Бил Клинтоны Silicon Valley-ын боссуудын нууцлаг цугларалт дээр “Энэ бүх зүйл Хилларигийн ерөнхийлөгч болсны дараах бал сарыг баллаж байна” хэмээн хэлснийг зөөлрүүлж, сүртэй асуудал болгохгүй инээгээд өнгөрөх төдий харагдуулах гэж хичээлээ. Тэргүүн ноён (ерөнхийлөгчийн нөхөр) өөрийнх нь хэлснийг гуйвуулан буруу ишлэсэн байна гэж хэлж буй. Хатагтай Клинтон Цагаан ордны өдрийн цайгаа эмэгтэй сенаторуудтай хамт зооглож эхлүүлсэн бөгөөд энэ үеэрээ “Энэ ерөнхийлөгч энд бал сараа өнгөрүүлэх гэж бус ажиллахаар ирсэн шүү” хэмээн наргиан маягаар хэлсэн. Гэхдээ ноён Клинтоны зөв. Ихэнх ерөнхийлөгчид эхний 100 өдрөө өөрийн бодлого хөтөлбөрөө танилцуулан ерөнхийлөгчийн эрх мэдлээ таалан мэдэрдэг.  Цаг үеийн үйл явдлуудаас үүдэн ингэж чадахгүй байгаа нь энэ ерөнхийлөгч л болохоос биш. 
 
Хатагтай Клинтоны өрсөлдөгч Бүгд Найрамдах намын Марко Рубёогийн сонгуулийн кампанит ажлыг хөл толгой­гүй болгон замбараагүй байдалд оруулсан асуудал болох хямралын голомт Кубаас эхлэе. Телевизүүдийн дэлгэц үдэш бүр Америкийн эргийн хамгаалагчид, тэн­гисийн хөлгүүд нь сал завьтай цөхөрсөн хүмүүсийг далайгаас татан гаргаж буй дүр зургаар дүүрсээр хэдэн сар боллоо. “Gallup” компанийн саяхны санал асуулгаар америкчуудын 74 хувь нь ядаж арал дээр чөлөөт сонгууль зохион байгуулах хэлэлцээр хийгдэж байх үеэр кубачуудын орогнол хүсэх хүсэлтүүдийг хүлээж авахыг зогсоох хатагтай Клинтоны бодлогыг дэмжиж буй нь харагдлаа. Кастрогийн эрин төсөөлөгдөөгүй эмх замбараагүй огцом төгсгөлд хүрч, Хиллари өнгөрсөн аравдугаар сард намын цор ганц нэр дэвшигчээр сонгогдсоны дараа хэлж байсан үгнээсээ хатагтай Клинтон энэ оффист суугаад ч хазайгаагүй байгаа. Тэрбээр ноён Рубёотой хийсэн ерөнхийлөгчийн хэлэлцүүлгийн үеэр “11 сая куба хүн тэнд байгаа. Тэд чөлөөт мөн чинээлэг эх орныг хүсч буй болохоос биш бүгдээрээ Америк руу нүүж болно гэсэн хоосон амлалтууд биш” хэмээн хэлсэн юм.  
 
Одоо хүртэл ноён Рубёогийн шү­тэн бишрэгчид хатагтай Клинтоныг арьс өнгөөр ялгаварлах стратегиэрээ дамжуулан куб гаралтай америкчууд болон бусад Испани хэлтэй сонгогчдын дунд хаалт үүсгэж байна хэмээн буруутгаж буй. Тэд ялангуяа төв Америкт номлогч байхдаа Испани хэл сурсан, Виржинья мужийн сенат, засаг дарга асан одоогийн дэд ерөнхийлөгч Тим Кейний кампанит ажлынхаа үеэр хэлсэн мэдэгдлийнх нь төлөө ихээхэн дургүй байгаа. Түүний “Кубчууд бидний хайр энэрэлийг хүртэх эрхтэй ч тэд бидний цорын ганц хөрш биш” гэж хэлснийг Бүгд найрамдахчууд ичихгүйгээр мексик-америкчуудад долгинож байна гэж үзсэн.  
Ой санаанаас холдсоор буй сон­гуультай хамт, Конгресс дахь бүгд найрамдахчууд хатагтай Клинтоны ла­тин-америкчуудтай холбоотой өгсөн бас нэг амлалтын хувьд хуваагдмал байр суурьтай байгаа: Ажлаа хүлээн авсан эхний жилдээ Конгрест цагаачлалын цогц хуулийг өргөн барина гэх түүний амлалт. 
 
 
Аль нэгийг нь орхихоос өөр замгүй
 
Сенатын танхим 50-50 болж хувааг­дан Кейн дэд ерөнхийлөгчийнхөө хувьд шийдвэрлэх саналыг өгч байгаа  учир демократуудад ялимгүй давуу тал бий болж буй. Төлөөлөгчдийн буюу бага танхимд бүгд найрамдахчууд илт давуу байгаа. Тиймээс хатагтай Клинтон ямар нэг хууль батлуулахын тулд хоёр намын дэмжлэг (үнэндээ зарим нь үүнийг гайхамшиг гэдэг) хэрэгтэй болно. Өөдрөг сайхан үзэлтнүүдийн зүгээс бүгд найрамдахчууд Америкийн төрөлжиж буй хүн амыг зүгээр л үл ойшоогоод байж чадахгүй гэж үзэж буй. Анх удаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн латин америк хүн ноён Рубёо латин америкчуудын өгсөн саналын ердөө 35 хувийг авч, хатагтай Клинтонд ялагдаад зогсохгүй, өөрийн төрөлх нутаг Флоридад хүртэл ялагдал амссан. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхдөө хэлсэн үгэндээ ноён Рубёо жил бүр нэг сая гаруй латин америк гаралтай өсвөр насныхан сонгууль өгөх насанд хүрдэг нь латин америкчууд болон бусад цагаачдын дуу хоолойг үл ойшоох боломжгүй болж буйг илтгэж байна хэмээн намдаа хандан хэлсэн юм.
 
Өөдрөг үзэлтнүүд хатагтай Клин­тоныг асуудалд илүү бодитой ханддаг зантай гэж үздэг. Тэрбээр хууль бусаар цагаачилсан хүмүүст албаны ёсны иргэншлийг олгоно гэсэн амлалтаа хаях замаар дундыг баримтлах үзэлтэй бүгд найрамдахчуудыг ятгасан. Тус улсын иргэн биш ч оршин суух эрх олгож байгаа нь сүүдэрт амьдарч ирсэн тэдгээр хүмүүст аль хэдийнэ том давуу тал болж байгаа гэж Клинтон хэлж буй. 
 
Харин гутранги үзэлтнүүд хатагтай Клинтоны Конгрестэй харилцах харил­цаа санаснаас хурдан хугацаанд муу­даж байна гэж харж байна. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр өөрийгөө өмнөх ерөнхийлөгч Обама шиг биш харин “Конгрессийн (Capitol Hill) ордонд очиж, хэлцлүүд хийн, гарын үсэг зуруулж чаддаг” туршлагатай улстөрч хэмээн сурталчилж байсан. 
Түүний ажлын эхний хэдэн долоо хоног хэд хэдэн амжилт үзүүлж, Сангийн сайдаар Жэсон Фөрмэнийг, Батлан хамгаалахын сайдаар Мишель Флорнойг Сенатын танхимаар шулуухан батлуулж чадсан. Тэрбээр цаашлаад Төрийн нарийн бичгийн даргаар Бүгд Найрамдах намын Боб Коркерийг сонгож бас нэг гайхам томилгоо хийж, оноо авсан. Тэрбээр Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны дарга байхдаа хэлцэл хийхдээ гарамгай ухаалаг нэгэн хэмээх нэр хүндийг олж авсан бөгөөд Тенниссий мужийн сенат байсан юм.
 
Томилгоог батлах хурлын үеэр түүнийг намынх нь зарим гишүүний зүгээс гал дээр шарсан асуултууд тавьсан бөгөөд ялангуяа Техасын сенат Тед Крүз Обамагийн Ирантай хийсэн хэлэлцээрийг асуулт дагуулсан хэмээн ноён Коркерийн хэлж байсныг ишлэн тодотгов. Ноён Крүз Коркерийг “Анхаарал сарниулах нугас” хэмээн цоллож, цөмийн хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах намын гишүүдийн эргэлзээг арилгахад зориулан томилсон гэж хэлсэн. Гэсэн ч түүнийг 68-28 саналын харьцаагаар баталсан юм.
 
Гэхдээ хатагтай Клинтон болон Конгрессийн хувьд харилцан бие биенээ хардах шалтгаан олоход тийм ч удсангүй.  Ноён Кейн дэд ерөнхийлөгчөөр сон­гогдож, ардаа хоосон үлдээсэн сенатын суудлыг нь нөхөж Виржиньяг төлөө­лөхөөр томилогдсон шинэ сена­тыг илтээр шоолон тохуурахсан. Түр орлогчийн томилгоог хийх эрх нь Виржиньягийн засаг дарга Терри МакОлифт байдаг учир өөрийгөө сонгосон. Сенат МакОлиф хэрвээ Конгрест үлдэхийг хүсвэл 2018 оны ерөнхий сонгуульд өрсөлдөх хэрэгтэй болно. Тэр хүртэл  Демократ намын зарим сенат ч шинээр хамт ажил­лах сенатынхаа Билл Клинтоны ахлах хөрөнгө босгогч байсан гэх өнгөрсөн түүхийг нь сөхсөөр байх болно. “Хангалттай олон америкчууд биднийг худалдагдсан, мөнгө авдаг гэж боддоггүй гэж үү” хэмээн бас нэг дундыг баримтлагч Демократ шүүмжилсэн.
 
Ингэж муу санаалах нь дундаж түвшнийхэнд өгсөн амлалтыг биелүү­лэхэд их л бага түлхэц болно. Хатагтай Клинтон улс даяарх цалингийн доод хэмжээг цагийн 15 ам.доллар болгох, хүүхэд үрчилж авсан болон төрүүлсэн эхчүүдэд хоёр сарын цалинтай чөлөө өгдөг болгохыг дэмжих замаар Демократуудыг баярлуулсан. Энэ зуур бүгд найрамдахчууд ингэвэл Европынх шиг дампуурал руу  хөтөлнө хэмээн эсэргүүцэж байсан ч цөөхөн сонгогчид тус амлалтын нарийн ширийнийг нягталж үзсэн.
 
Нарийн судалгаа шалгалтыг одоо эхлүүлчихсэн. Америкийн хувийн хэвш­лийн салбарын хамгийн том ажил олгогч Walmart гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ хэрвээ улсаас цалингийн доод хэмжээг цагийн 15 ам.доллар болговол дэлгүүрүүдийнхээ кассны ажилтнуудаа чөлөөлж, автоматжуулах шаардлагатай болж мэднэ гэж хэлсэн. Тус сүлжээ дэлгүүрийн одоогийн байдлаар санал болгодог хамгийн бага цагийн хөлс нь 10 ам.доллар байгаа юм.  Нам бус Конгрессийн төсвийн газраас гаргасан судалгаа нь цагийн хөлсний өндөрсгөсөн хэмжээ богино хугацаанд хоёр сая ажлын байрыг үгүй хийхэд хүргэж мэднэ хэмээн сануулсан. Өндөр цалин нь илүү их хэрэглээний зарцуулалтад хүргэх учир урт хугацааны нөлөөлөл бүхий алгуур хувилбаруудыг Цагаан Ордон тус судалгаанаас онцоллоо. Гэвч Конгрессийн төсвийн газрын судалгаанд телевизээр улс төрийн дайралтын сур­талчилгаа цацахад ашиглаж болох хангалттай материал бий.
 
Шинэхэн эхчүүдийн цалинтай чөлөө­ний тухай Ерөнхийлөгчийн төлөв­лөгөө ч мөн эргэлзээнд ороод байна. Түүний амлалтын үндсэн шалтгааныг асуухад, хатагтай Клинтоны кампанит ажлын стратегич баян орнууд дундаас сонин нь Америк  улс даяараа жирэмсний тэт­гэмжтэй чөлөөг авах эрх олгодоггүй нь үнэхээр итгэмээргүй тэнэг хэрэг хэмээсэн. “Мөн бид сонгуульд ялагдаж байсан” хэмээн стратегич нэмж хэлэхдээ энэ үед төлөвлөгөөг танилцуулмагц хатагтай Клинтоны саналын хувь хэмжээ гэрлэсэн эмэгтэйчүүд дундаа огцом өссөнийг тодотгосон юм.
 
Төвөгтэй л дөө
 
Дундаж түвшнийхэнд өгсөн амлалт нь шинэ даатгал маягийн санг бий болгох замаар амаржсаны дараах цалинтай чөлөөний зардлыг гаргахыг уриалж буй. Энэ санг ажилтнуудаас (бага цалин­тай хүмүүст тааз тогтоох), ажил олгогчдоос (жижиг компаниудад онцгой хөнгөлөлттэйгээр) мөн улсаас татварын хөнгөлөлт үзүүлэх гэх зэргээр тодорхой хувь хэмжээ авч, санхүүжүүлэхээр төлөв­лөж байна. Зарим демократууд хүр­тэл уг төлөвлөгөөг хэт төвөгтэй утгагүй хэмээн шүүмжлэн даапаалдаг.
 
Хатагтай Клинтоны дотоодын хөтөл­бөрт багтсан бусад хэсэг нь нэлээд бол­гоомжилсон шинжтэй. Ойрын үед хийхээр зорьж байгаа ажил нь татварын хуулийг шинэчлэх гэхдээ тэр аяар нь биш тодорхой хэмжээнд. Ингэснээр шинээр орж ирж буй орлогыг бага насны хүүхдүүдийн боловсролд зарцуулна. Дэд бүтцийн банк шинэ зам, гүүр, илүү ухаалаг цахилгаан шугамуудыг санхүүжүүлэх яриа хэлэлцээ явж буй.
 
Вашингтоны кафейн хэтрүүлэн хэрэг­лэгч мэргэжилтнүүд хатагтай Клинтоныг ерөнхийлөгч болоод хэдхэн сар болж байхад нь улс төрийн эмгэнэлийг нь хараахан бичих болоогүй байна. Хоёр нам улс төрийн тоглоомд тэнцсэн байр суурьтай байгаа энэ мухардлын үед кампанит ажлынхаа үеэр хэт хүчтэй том амлалтууд өгснийхөө хариуг сонгогдсон хойноо амсдаг. мерикийн ерөнхийлөгч болсны дараах 100 өдөр өмнөх ерөн­хийлөгчдийн үед байсан шиг байхаа больжээ.
 
Б.Энхцэцэг
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД