Төсөв

Урсгаад л байх уу 2016-11-09 10:42

Мөнгөө зөв зарцуулж мэддэггүй хүнийг “гарын салаагаараа урсгадаг” гэдэг дээ. Ирэх оны төсөв ийм болчих гээд байна уу даа.
 
Сахилга баттай төсөв гэж сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээллийн байгууллагууд “яншлаа”. Мөн чанартаа тэр нь байгаа мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулаарай гэж л хэлээд байгаа юм. Гэтэл төсөвчид маань юу нь хэрэгтэй, юу нь хэрэггүй зарлага болохыг ч ялгадаггүйг “Нээлттэй нийгэм форум” хүрээлэнгээс өнгөрсөн сард зохион байгуулсан төсвийн асуудлаарх цуврал хэлэлцүүлгийн үеэр  олж мэдлээ.
 
Хэлэлцүүлэгт мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллагыг төлөөлөн ирсэн оролцогч Сангийн яамны мэргэжилтнүүдэд хандан “Төсөвт суулгаж байгаа зардлуудын үржүүлэгч нөлөө нь хэд вэ?” хэмээн асуухад “мэдэхгүй” гэж шулуухан хариулсан юм. Үржүүлэгч нөлөө гэдэг нь төсвөөс гарч байгаа нэг төгрөг эдийн засагт  хэд болж шингэхийг харуулсан үзүүлэлт. Эсвэл тэр нэг төгрөгийг хэдэн хүн, өрх гүйлгээндээ ашиглах вэ гэдгийн хэмжүүр гэж ойлгож болно. Тэгэхээр төсөвлөгчид маань төсвийн аль зарлага илүү үр өгөөжтэй байна вэ гэдгийг үл харгалзан шийдвэр гаргадаг байх нь.
 
Төсөв зургаан жилийн турш алдагдалтай явж ирлээ. Гэтэл ахиад л хоёр их наяд төгрөгийн алдагдал. Ирэх онд дор хаяж ийм хэмжээний өр, зээлийг Засгийн газар дотоод, гадаадын зах зээлээс олох хэрэгтэй болоод байна. Төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газраас шинээр 2.8 их наяд төгрөгийн зээллэг болон баталгаа гаргуулахаар төлөвлөжээ.
 
Ийм хэмжээний алдагдал үүсч байгаагийн гол шалтгаан нь өмнө хуримтлагдсан өр, зээлийн төлбөр. Үндсэн төлбөр ч биш, үйлчилгээний төлбөр буюу хүү. “Тиймээс” хэмээн учирлаж төсвөө танан бүсээ чангалах боловч урсгал зардлаа өсгөөд оруулж ирдэг нь юу билээ?
 
Ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлт хийх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг 855 тэрбум төгрөгөөр бууруулж тооцсон боловч урсгал зардлыг 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Сүүлийн гурван жил урсгал зардлыг өсгөн тооцож байгаа бөгөөд нөгөө талд түүнийг санхүүжүүлэх ёстой урсгал орлого байнга буурч, зардлаа нөхөж дийлэхээргүй болсныг Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлийн шинжээчид хэлж байлаа. Төсвийн урсгал тэнцэл нь ДНБ-ий гол орцын нэг бөгөөд эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг байна. Гэтэл гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр доогуур түвшинд байж, ойрын хугацаанд /2020 он хүртэл/ байдал сайжрахгүй гэсэн зураглалыг олон улсын байгууллагууд хийж байхад тэнцлийн алдагдал төлөвлөснөөс ч илүү гарах магадлалтай байна гэдгийг тэд сануулж байв.
 
Төсвийн урсгал орлого нь зардлаа санхүүжүүлж чадахгүй энэ нөхцөлд зөвхөн урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор зээл авах зайлшгүй шаардлагатай болжээ. Өмнө дурдсан ирэх онд шинээр авах өр зээлийн 41 хувь нь Засгийн газрын зээлийн ашиглалтын төлбөр болон Засгийн газрын баталгаанд зориулагдах бол үлдсэн 1.6 их наяд төгрөгийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулна гэдгийг Сангийн яамнаас бэлтгэсэн мэдээлэлд дурдлаа.
 
Эцсийн дүнд хөндлөнгийн шинжээчид “2017 оны төсвийн төсөлд урсгал орлогын төлөвлөгөө нь хэт өөдрөг төсөөлөлтэй бөгөөд эдийн засгийн өсөлттэй уялдаагүй байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
 

 Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД