Инноваци

ОХУ-д үнэлэгдсэн цөмийн физикч 2016-11-10 14:47

Энэ сарын 8-нд ОХУ-ын Элчин Сайдын Яаманд эрдэмтэн Д.Сангаад Оросын Байгалийн Шинжлэх Ухааны Академийн “Гадаад улсын гишүүн” цол олгох ёслол болов. Энэхүү нэр хүндтэй цолыг байгалийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдэд олгодог байна.

Д.Сангаа профессор 1976 онд МУИС-ын Физик, математикийн сургуулийг төгссөн. 1990 онд М.В Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Олон жил төрөлх МУИС-даа ажиллаж,  2002 онд ШУА-д физик-математикийн шинжлэх ухааны докторын зэргийг “Холимог бүтэц бүхий кристаллууд дахь фазын хувирлын нейтронограф ба рентгенографын судалгаа” сэдвээр хамгаалж, 2004 онд МУИС-ийн профессор цол хүртсэн байна.
 
Түүний судалгааны үр дүнг Монголд төдийгүй Оросын эрдэмтэд өндөр үнэлдэг. Д.Сангаа ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар 10 гаруй жил ажиллажээ. Дубна хот нь Москвагаас хойд зүгт 100 гаруй км-т оршдог, цөмийн физик судлалын Оросын хамгийн том шинжлэх ухааны хот юм. Мөн тэрбээр Англи, Герман, Франц, Тайвань, Польш, Чех зэрэг улсын нэр хүндтэй их сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллаж байв.
 
Эдүгээ тэр Монгол Улсын ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Техник, технологийн хэлтсийг ахалдаг.
 
Профессор Д.Сангаа нь нано хэмжээст бодисын кристалл бүтэц, соронзон шинж чанар,  хатуу бие дэх фазын  шилжилтийн үзэгдлийг рентген туяа, нейтроны сарнилын аргаар судалсан нь түүний эрдэм шинжилгээний ажлын гол үр дүн юм.
 
 
Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД