Төсөв

2017 оны төсөв батлагдлаа 2016-11-10 16:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг:
 2017 онд 3.0 хувь,
2018 онд 5.1 хувь,
2019 онд 7.1 хувьд хүргэнэ гэж заажээ.
 
Харин нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2017 онд 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь,
нийт зардал 2017 онд 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь байхаар тусгасан байна.
Түүнчлэн нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 2017 онд 4,599.4 ам.долларт, 2018 онд 4,658.9 ам.долларт, 2019 онд 4,725.5 ам.долларт хэлбэлзэхээр байгаа бол зах зээлийн үнэ 2017 онд 4,800.0 ам.долларт, 2018 онд 4,800.0 ам.долларт, 2019 онд 4,900.0 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн тооцжээ.
 
Мөн ирэх оны төсөвт “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн төсвийн орлогыг нэмэх Засгийн газрын өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллагааг дээшлүүлэхээр тусгажээ.
 
Үүнээс гадна Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжин, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслэл хэрэгжүүлэн хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулахаар төлөвлөсөн байна.
    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД