Үзэсгэлэн

Их Британийн өдөр: Урам зориг төрж байна 2016-11-14 17:29

Их Британийн өнөөгийн хөгжлийн түвшинг өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт харж болохоор байлаа.
 
Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах “InspireMe” фестиваль өнгөрсөн 11-12-нд “Шангри-Ла Молл”-д болсон юм. Тус улс дэлхийд инновацийн чанарын үзүүлэлт болон боловсролын экспортын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Тэр ч утгаараа эндээс Их Британид боловсрол эзэмших олон боломжийг олж харахаар байв. Их Британийн 15 их, дээд сургуулийн төлөөлөгчид энэ үеэр мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан юм.
 
Улаанбаатарт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд 50 гаруй байгууллага оролцжээ. Монголд инноваци нэвтрүүлж байгаа компаниудаас “what3words”, “Tengri”-ийг нэрлэж болно. Фестивалийн нэг гол хэсэг нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд зориулсан “Business zone” семинарь байлаа.
 
“What3words”-ийн хувьд дэлхий дахинд хаягжилтын шинэ аргачлал нэвтрүүлж буй компани. Газар нутгийг гуравхан үгэнд багтаан кодолсноор талын Монголын аль нутгийн нүүдэлчин айлд шуудангийн үйлчилгээ хүрэх боломжтой болж байгаа юм. Тус компани “Монгол шуудан” компанитай хамтран Монгол Улс даяар хаяг тодорхойгүй байдлыг бүрэн арилгахаар ажиллаж байна. Тэд монголчуудад зориулж Монгол хэлээр апликэйшн хийжээ.
 
Харин “Tengri” бол Лондонгийн дээд зэрэглэлийн эрэгтэй хослолуудын гол материал. Энэ бөс даавууг монгол сарлагийн хөөвөр утсаар нэхсэн. Өдгөө 1500 гаруй малчин өрхтэй харилцдаг байна.
 
Энэ үеэр Монгол дахь бизнесийн орчин, эдийн засгийн бүтэц, нөөц боломж, компаниудын ил тод байдал, хууль эрх зүйн талаар болон нөхцөл байдлыг хэрхэн сайжруулж болох, олон улсын туршлага зэрэг мэдээлэл солилцсоноос бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн үнэ цэнтэй нь Их Британийн экспорт, ипмортын банкнаас хэрхэн санхүүжилт авах тухай илтгэл байсан.
 
Товчхондоо Их Британи бол бизнес хийхэд харьцангуй нээлттэй орон юм. Улсынхаа экспортлогчдыг дэмждэг “UK Export Finance”-ийн санхүүжилт олгох нөхцөл нь бусад улсын экспорт, импортын банкуудаас харьцангуй таатай. Тухайлбал, экспортлогч компани Их Британид бүртгэлтэй л бол аль ч улсынх байж болно. Энэ бол их том давуу тал. Ихэнх улсад үүнийг зөвшөөрдөггүй аж.  
 
Англиас түнш олох, гэрээ байгуулах, бараа импортлох гээд бүхий л шатанд тус байгууллага зөвлөгөө өгч ажилладаг бөгөөд монгол бизнес эрхлэгчдийн хувь элчин сайдын яаманд хандсанаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч зуучлуулах боломжтой юм байна.

Их Британийн Элчин сайд, хатагтай Катерин Арнолд хэлэхдээ “Монгол Улс олон тулгуурт эдийн засаг бүхий тогтвортой хөгжлийг эрэлхийлж, олон улс дахь түншийн хүрээгээ тэлэхийн зэрэгцээ, дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буйг бид дэмжин ажиллахыг зорьж байна. Бид Монгол Улсын ирээдүйн хөгжилд түлхэлт үзүүлэх мэргэшсэн мэдлэг, боловсрол, технолги, инженерчлэл, олон улсын төвшинд ажиллах арга туршлагаа Монгол түмэнтэй хуваалцахдаа баяртай байх болно” гэсэн юм. 

 

 Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД