Мөнгөний бодлого

Зах зээлд 20 сая ам.доллар нийлүүллээ 2016-11-15 11:59

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20 сая ам.доллар, 56.5 сая юань тус тус худалдан авах саналыг ирүүлж Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасан байна. Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм. 

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой. 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД