Төсөв

Албан тушаалтнууд утасны төлбөрөө өөрсдөө төлнө 2016-11-16 17:15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж буй 248 хүн цаашид төлбөрөө өөрсдөө төлж байх тухай тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсвөөс 90 сая төгрөг, жил бүр 265 сая төгрөг хэмнэх боломжтой аж. Дээрх  248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм.
 
Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасны дагуу агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байна. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байсныг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хүчингүй болголоо.
 
Түүнчлэн энэ оны төсвийг батлахдаа тодотголд албан тушаалтны гар утасны хэрэглээний зардлыг төсвөөс төлөхгүй байхаар шийдвэрлэж, энэ оны сүүлийн дөрвөн сард төсөвлөсөн зардлыг 100 хувь бууруулж чадсан юм.
 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД