Инноваци

Ц.Болормаа: Стартапуудад сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй 2016-11-22 16:20

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2016 маргааш Чингис хаан зочид буудалд болох гэж байна. Гурав дахь жилдээ зохиогдож буй тус чуулганд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Гантулга, Н.Учрал нар оролцож старт апуудад тулгамдсан асуудалтай танилцан, бодлогын хүрээнд хэрхэн дэмжих талаар судлах аж.  Энэхүү чуулганы ерөнхий санаачлагч нь МУИС-ийн Бизнесийн сургууль юм. Ингээд тус сургуулийн захирал Ц.Болормаатай ярилцлаа.
 
-  Старт апын тухай ойлголт, түүнийг дагасан бизнесийн чиг хандлагууд Монголд маш богино хугацаанд танигдсан. Энэ удаагийн чуулганы онцлог, зохион байгуулагчдын хүлээлт юу байна вэ?
 
Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг анх 2014 онд зохион байгуулж байлаа. Анхны чуулганаар бид “Энтрепренер хүн” гэж ямар хүнийг хэлэх,  энэ нь ямар утга агуулгатай гэдгийг танилцуулсан. Харин энэ удаагийн чуулганы онцлог, ялгаа гэвэл Монгол Улсад энтрепренерийг хөгжүүлье гэвэл ямар стратеги, бодлогоор үүнийг дэмжиж ажиллах вэ, мөн бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой стратегийн шинжтэй бодлогын баримт бичиг боловсруулах, түүнд туслах санал, санаачилгуудыг гаргаж ирнэ гэж бодож байгаа.
 Нөгөө талаас энэхүү стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь ямар байх, мөн олон улсад үүнтэй төстэй хөгжлийн төлөвлөгөө стратеги ямар байдаг гэх мэтчилэн олон улсын туршлагад тулгуурлан ажиллана. Ингэснээр Монгол улсын энтрепренерийг хөгжүүлэх road map нь юу байж болох вэ гэдгийг танилцуулах, тодорхойлох зорилготой. Эдгээр нь нэгдсэн болон салбар хуралдаан, бодлогын түвшний дээд хэмжээний уулзалтуудын дараа тодорхой болох юм. Түүнчлэн чуулганд оролцогч бодлогын болон чиглэлийн яам, гол компани, сургуулиудын гаргасан саналыг эцсийн байдлаар нэгтгээд нэг баримт бичиг санаачилж гаргах төлөвлөгөөтэй байна.
 
-Та бүхэн бодлого тодорхойлогчдоос ямар дэмжлэг хүлээж байна вэ?
 
Мэдээж энэ бол маш чухал асуудал. Учир нь бид бизнес инноваци, бизнес старт ап гэж олон жил ярьсан. Харамсалтай нь бодит үр дүнд хүрэлгүй тус бүртээ өөрийнхөө ойлголтоор ерөнхий бодлогын чиглэл, зорилт байхгүй зэрэг нь үүнд нөлөөлж буй бололтой. Харин шинэ Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөртөө инновацитай болон энтрепренертэй холбоотой нэлээн том заалтууд оруулсны нэг нь 2000 энтрепренер бэлтгэх талаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд орсон байгаа.
Бодлогын хувьд ингэж тодорхойлогдсон ч бодит байдал дээр үүнийг хийхэд бидэнд санхүүгийн туслалцаа маш чухал үүрэгтэй. Ер нь хууль эрх зүйн орчин нь Монголд байна. Гэхдээ үүнийг сайжруулах шаардлагатай гэдгийг энэхүү чуулганаар давхар өгөх ёстой. Гол нь бодлогоо зөв, илүү найдвартай гаргачихвал бид үүнийг цааш нь хөтлөөд үргэлжлүүлэх бололцоо бий. Тийм учраас БСШУСЯ болон Хөдөлмөр хамгааллын яам хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр түлхүү оролцох ёстой. Залуучуудыг ажлын байртай болгож, хөдөлмөрийн зах зээлийг төгс утгаар нь тодорхой хэмжээгээр ажиллуулъя гэвэл энэ нь маш том хувь нэмэр оруулах юм.
 
Монголын зах зээл дэх старт ап компаниуд болон энтрепренерийн боловсон хүчин дэлхийн чиг хандлагыг дагаж байна уу?
 
Дэлхийн чиг хандлагыг дагаж байгаа. Хуулбарлах нэг нь дуурайлган хийж, зарим нь санаа аваад сэтгэж буй зүйлүүд бий. Харин  олон улсад амжилтад хүрсэн старт апуудтай харьцуулахад бидний бүтээлүүд анхан шат буюу эхний зураасаа л татаж байна. Гэхдээ манай улсад амжилттай явж буй старт апууд бий. Тэд нараас туршлага судлах ёстой. Бид энэ чуулганаараа Азийн орнуудын старт апуудын туршлагуудыг танилцуулж мэдээлэл өгөхөөр бэлдсэн байгаа.
 
-МУИС-ийн салбар Бизнесийн сургууль нь сургалтын хөтөлбөртөө старт ап-ийн тухай ойлголтуудыг хэрхэн оруулсан бэ. Ер нь оюутнууд энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
 
Бизнесийн сургууль гэж нэрлэснээс хойш энэ чиглэлд  ажиллаж байна. Тухайлбал бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, энтрепренер сэтгэлгээ гэж юу вэ, хөгжлийн хандлага зэргийг бакалавр, магистр, докторын сургалтдаа ахисан түвшнээр зааж байгаа.
Бакалаврын бизнесийн хичээлүүд дээр тодорхой сэдэв болгоод хичээлийн хүрээнд зааж байна. Ингэснээр оюутнуудын ихэнх нь сургалтын түвшиндээ ойлголт, мэдээллүүдтэй байгаа. Мөн бид “Business consulting” төвөөр дамжуулан аж ахуйн нэгж байгууллагууд, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй, гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой байгаа хүмүүст зориулж хаанаас хэрхэн эхлэх, ямар санаан дээр тулгуурлах ёстой зэргийг сургалтуудаар дамжуулан мэдлэг олгож байна.
 
Мөн оюутнууд энтрепренер клуб байгуулан, долоо хоног бүр уулзаж, шинэ санаагаа танилцуулж, санал бодлоо хуваалцан хэрхэн бодит ажил болгож хэрэгжүүлэх талаар ярилцаж үйл ажиллагаа явуулж байна.  Түүнчлэн бид МУИС-ийн 2024 он  хүртэлх стратеги төлөвлөгөөнд энтрепренер шип төв байгуулна гэсэн зорилт оруулж чадсан. Энэ нь одоогийн “Business consulting” төвийн суурь дээр тулгуурлан байгуулагдаж үндэсний томоохон “Энтрепренер шип”  төв болох зорилготой.
 
-Манай улс инновацийн тухай хуультай. Харин хуулийн хэрэгжилт, хийгдэж буй ажлууд нь дутагдалтай. Ингээд харвал хууль старт ап бизнесийн эрх зүйн орчин манай улсын түвшинд хэр таатай байгаа вэ?
 
Инновацийг өнөөдөр хүн болгон янз бүрээр ойлгоод байна. Манай инновацийн тухай хуулинд шинжлэх ухаанч, академик талын зүйл нь хэтэрхий давамгайлсан.  Тийм учраас практик өнцгөөс нь харвал инноваци гэж юу вэ гэсэн тал руу нь хуулийг гарцаагүй өөрчлөх шаардлагатай.   Ажлын хэсэг гарсан гэж сонсогдсон. Миний хувьд саяхан БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн инновацийн газрын даргатай уулзсан. Тэр хүний ярьснаар шинжлэх ухааны парк байгуулах, ялангуяа инновацийг хөгжүүлэх тал дээр хууль эрх зүйн орчинг өөрчлөх ажлын хэсэг гарсан тухай ярьсан. Үүнийг эхлүүлэхийн тулд гадаад улс орнуудын дэмжлэг, хөрөнгө оруулалттайгаар хэрэгтэй.
 
-Старт ап компаниуд хэнд ч байхгүй санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тал дээр манай нөхцөл байдал хэр байгаа вэ?
 
Яг үнэндээ манайд хөрөнгө оруулагч болон старт ап компаниудын хоорондын харилцаа их сул. Хэдий старт ап компаниуд олноор гарч байгаа боловч танилцуулга, мэдээлэл нь томоохон бизнес эрхлэгчид болоод хөрөнгө оруулагч талд хүрэхгүй байна. Тодруулбал старт апууд яг хаана, аль их сургууль дээр илүү их ажиллаж байгаа зэрэг мэдээлэл маш муу байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой ажлыг хамгийн түрүүнд эхлэх шаардлагатай гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагч талыг маш сайн мэдээллээр хангаж байж л хөрөнгө оруулалт татаж чадна. Гэхдээ мэдээлэл өгч байна гээд энгийн нэг танилцуулга цаас өгөх биш мэдээллийн хэрэгслээр старт апын ач холбогдлыг ойлгуулах, хөрөнгө оруулагчдийн анхаарлыг татах гэдэг утгаар нь тэрхүү старт апын компанийн хүмүүс хариуцлагатай ажиллах хэрэгтэй зэрэг олон зүйл дутагдаж байгаа.
 
-Зарим залуучууд старт апын тухайд зөвхөн санаа байхад л болно гэсэн бодолтой байдаг...
 
Ер нь монгол хүн болгон л санаа ярьж байна. Тийм учраас бизнес төвөөр дамжуулан “Монголд бизнес эрхлэх боломж” нэртэй цуврал лекцүүд орох гэж байгаа. Бидэнд боломж байна, гэхдээ санаагаа яаж хэрэгжүүлэх, үүнийгээ хэрхэн ажил хэрэг болгоход энэхүү сургалт чиглэнэ. Цаашдаа бид АНУ-ын  зөвлөгчтэй хамтран энэ төрлийн сургалтуудыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна. Манайх мэргэжлийн бизнесийн байгууллага учраас энэ тал дээр хувь нэмрээ бүрэн оруулж чадна.
 
Залуучууд санаагаа хэрхэн хөгжүүлэх, түүнийгээ ажил хэрэг болгох зорилгоор хөрөнгө оруулагч татахын тулд юу хийх хэрэгтэй гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Гоё, сайн санаа байна гэдэг мөртлөө түүнийгээ яаж ажил хэрэг болгож үргэлжлүүлэхээ мэддэггүй, эсвэл шинэ гэж бодсон санаа нь аль хэдийнэ ажил болчихсон санаа байсныг мэдээгүй байх жишээнүүд олон. Тийм учраас асуудлыг бид энэ талаас нь харсан сургалтын хөтөлбөр, модуль боловсруулаад ирэх оноос үүн дээр нэлээд сайн ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
 
-Дотоодын старт апуудын бүтээгдэхүүн нь тодорхой нэг зүйлийг тойрч эргэлдээд зах зээлээ хуваадаг, эсвэл өөр зах зээл байхад түүн рүүгээ орж чадахгүй зүйл ажиглагдаад байдаг. Миний харснаар хөдөө орон нутагт старт апууд орох зайлшгүй шаардлагууд байна. Зөв үү?
 
Ер нь бол чиний хэлдэг үнэн. Манайд томоохон салбаруудыг хэдхэн компани л хариуцдаг. Тиймээс манай залуучуудын дунд энэ хэсэгт Гацууртынхан, энд MCS ажилладаг юм чинь гэж бодоод орхигдуулдаг тал бий. Гэхдээ Азийн бар болсон орнуудын түүхийг харвал жижиг, дунд бизнесийн хүрээн дэх старт апын  гол зүйлүүдэд тулгуурлан тухайн улс хөгжсөн тохиолдол олон. Гагцхүү бид тэр гарцаа олж харж чадахгүй байгаа учраас залуучууддаа үүнийг хүргэх хэрэгтэй байгаа юм. Ингэхгүй бол залуучууд хэт том, эсвэл хэтэрхий давж сэтгээд байгаа юм. Манай энэ жилийн нэгдсэн чуулганы хөгжлийн тэргүүлэх салбараар аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн старт апуудад ямар боломж байна гэдгийг хэлэлцэнэ. Үр дүнд нь маш сайхан санаа гарна гэж хүлээж байгаа. Хэрэв дээрх гурван салбарыг хөгжүүлнэ гэвэл старт апт зайлшгүй тулгуурлах хэрэгтэй. 
 
-Залуучуудын хувьд богино хугацаанд тэсрэлт хийх гэж зорьдог..
 
Яг тийм. Тэгэхээр ийм чуулганаар эсвэл бид нарын явуулж буй сургалтаар дамжуулан аливаа хүн уйгагүй тасралтгүйгээр ажиллаж байж амжилтад хүрнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  Тэгэхгүй бол манайхан санаагаа худалдаад л баяжих юм шиг боддог. Эсвэл гялс санаа гаргаад нэг, хоёр хоногийн дотор маш том компани болчих юм шиг эндүүрдэг. Тэгээд нөгөө санаа нь бүтэхгүй болбол үүнийгээ маш амархан хаячихдаг. Тэгээд ахиад өөр нэг зүйл хийх гэж 2-3 жил бодоод явж байтал цаг хугацаа алддаг. Ингэж бид хоцроод бусад улс түрүүлж алхаад байна. Тэгэхээр ийм сэтгэлгээтэй нь холбоотой бизнесийн сэтгэлзүйг давхар ярьж, бүх л түвшний ойлголтыг ярихдаа үүнийг давхар агуулж байх нь зүйтэй. Ингэснээр бие даасан бизнест сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ гэдгийг старт ап эхлүүлж буй хүмүүс сайн сурмаар байгаа юм. 
 
-Мэдээж бизнесээ эхлүүлэх гээд судалгаа хийх явцдаа салбарт нь амжилтад хүрсэн хүмүүсийн намтрыг уншаад амархан мэт боддог байх. Гэтэл энэ чинь маш нарийн судалгаа, шинжилгээ, суурь бааз байж л гарч ирсэн зүйл шүү дээ ?
 
Манайхан судалгаа хийхдээ муу. Ялангуяа бизнесийнхэн маш түргэн хугацаанд бүтээгдэхүүнээ зарж борлуулаад ашиг олох гэдэг. Үнэхээр бизнесээ ашигтай болгоё гэвэл маш сайн судалгаатай байх хэрэгтэй. Үүнийг хийж байж л бид 10 жилийн дараа ямар хэлбэрээр үргэлжлүүлэхээ  тооцоолж болно. Тиймээс харанхуйгаар ямар нэг зүйлийг санаачилна гэж байхгүй. Үүнийг залуучууд давхар ойлгоосой гэж хүсэж байна. старт апуудад сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Ялангуяа Монголчуудын хувьд бол хэт туйлшрамтгай хандлага ажиглагддаг учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй. 
 
-Ярилцсанд баярлалаа. 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД