Инноваци

Өнөөдрийн шинжлэх ухаан- Ирээдүйн хөгжил 2016-11-25 09:48

 Уран зургийн галерей өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Гадаа нь машин багширч, үүдээр нь хүмүүс бужигнана. Уг нь уран зургийн галерей урлаг сонирхдог цөөн хэдэн хүний л “хөлийн газар”. Ямар зураач, уран бүтээлчийн үзэсгэлэн, тайлан болж буйг мэдэх хүсэл өөрийн эрхгүй төрөв. Гэтэл урлагийн энэ өргөөнд “Шинжлэх ухаан, техник, инноваци-2016”үзэсгэлэн зохиогдож байан нь тэр ажээ.

Шинжлэх ухаан болоод сонгодог урлаг манай улсад хөгжих болоогүй гэж бодож явсан. Харин хувцсаа өлгүүлэх гээд зогсох тэр мөчөөс л энэхүү бодол маань өөрчлөгдөж эхлэв. Хувцасны өлгүүр дууссан байх агаад өлгүүрийн ажилтан “129 гэсэн тоог цээжлээрэй. Гарахдаа хэлээд аваарай” гээд хувцсан дээр 129 гэж бичсэн цаас наан цонхны тавцанд тавив. Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү үзэсгэлэнд оролцогч болон үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэх хүмүүсийн яриа үнэн ажээ.
Энэ удаагийн “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн хэд хэдэн онцлогтой болж байна. Энэ жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95 жил, ШУ-ы академи үүсч хөгжсөний 55 жилийн ой тус тус тохиож байна. Монголчууд орчин үеийн шинжлэх ухаантай танилцаж, нөхөрлөөд зуун жил болох гэж байна. Социализмийн үед Монголын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, сансар огторгуйд хараагаа бэлчээж байсан үе бий. Харин 1990 оноос хойш “онд орохгүй мал” шиг адлагдах болсон. Харин энэхүү үзэсгэлэнг үзээд шинжлэх ухааны салбар сэргэх шатандаа эргэлт буцалтгүй орсныг мэдэв.
Манай улсын шинжлэх ухааны салбар эрчимжиж байгааг тоо баримт ч баталж байна. 2015 оны байдлаар манай эрдэмтэн судлаачид нийт 47035 бүтээл туурвижээ. Үүнээс шинэ бүтээлийн патент 34, ашигтай загварын гэрчилгээ 29, зохиогчийн эрхийн гэрчилгээ 45-ыг авчээ. Мөн 200 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн бий болгосон байна. Энэхүү үзэсгэлэнд амжилттай хэрэгжиж буй 446 төслийн үр дүнг танилцуулав.
Энэхүү үзэсгэлэн нь уран зургийн галлерейн хоёр, гуравдугаар давхарт болж байгаа бөгөөд давхар бүрт монгол хүний гараар бүтээсэн бараа, техник технологи, бүтээгдэхүүнийг дэлгэн тавжээ. Эдгээр бараа, бүтээгдэхүүн нь мэдлэг шингэсэн гэдгээрээ онцлог юм.
Үзэсгэлэнгийн хоёрдугаар давхарт монгол хүний оюунд бүрэлдэж, гараар амилж, технологиор сайжруулсан хүнс, гоо сайхны бараа дэлгэжээ. Шинжлэх ухааны ололт амжилт амьдралын бүх салбарт тусгалаа олж буйг ч бүтээгдэхүүнүүд баталж байв. Хүмүүсийн сонирхлыг татаж байсан бараа бол “Сүүлэнхүү” нэрийн бүтээгдэхүүнүүд байв. Сүүл нь ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг бөгөөд энэхүү нэгдэл хүний биед олон талын тустай ажээ. “Сүүлэнхүү” брэндийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Буянчимэг “Хонины сүүлээр эрүүл мэнд, хүнс, гоо сайхны гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь монгол хүний биед хамгийн тохиромжтой. Учир нь сүүлнээс гадна бидний эртнээс хэрэглэж ирсэн халгай, хөмнө, Алтайн сонгино зэрэг эмийн болоод хүнсний ургамал найрлагад нь орж байгаа. Цаашид дэлхийд гаргах боломжтой” гэв.  Үүнээс гадна цагаан идээ бэлтгэх шинэ технологи, нано технологи ашиглан бүтээсэн хувцас хамгаалах шүршигч зэрэг бүтээгдэхүүн энэ давхарт харагдана.
Харин гуравдугаар давхарт механик, палеонтологи, робот, хөдөө аж ахуй зэрэг салбарын олот амжилтыг харуулжээ.
Дэлхийн аль ч оронд тухайн улсын их, дээд сургуулиуд шинийг санаачлагч, салбартаа манлайлагчид нь байдаг. Иймээс нэн түрүүн МУИС-ийн хэсэг рүү яарав. Эднийх анхны хиймэл дагуул хөөргөх ажилдаа ороод байгаа бөгөөд хиймэл дагуулаа үзэсгэлэнгийн үеэр дэлгэн тавьжээ. “Энэхүү хиймэл дагуул Монголын шинжлэх ухааны салбарын хөгжил шинэ шатанд гарсныг илэрхийлэх бөгөөд сансар судлалын эхийг тавина гэж үзэж байна. Ирэх оны хавар хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй байна” хэмээн МУИС-ийн физикийн тэнхимийн багш П.Түвшинтөр мэдээлэв. Үүнээс гадна сургуулийн дэргэдэх Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн оюутнуудын бүтээл хүн бүрийн анхаарлыг татаж байв. Эдгээр оюутан гурван хэмжээст технологи ашиглан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хиймэл гар хийж байна. Робот гарыг бүтээх ажил одоогоор судалгааны түвшинд яваа ажээ. Оюутнууд Монголдоо анхдагч тус бүтээлээрээ энэ онд Япон улсад зохиогдсон “Art&Technology” нэртэй олон улсын оюутан судлаачдын үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал хүртсэн байна.
Харин ШУТИС-ийн баг ч үзэсгэлэнд оюутнуудынхаа хийсэн бүтээлүүдээр оролцож байна. Эдний бүтээлүүд дундаас эрхгүй сонирхол татаж байсан нь ачааны галт тэрэгний дугуйн гэмтлийг оношлох төхөөрөмж байв. Уг төхөөрөмжөөр ачааны галт тэргийг явж байхад нь дугуйн гэмтэл, хазайлт, халалт зэргийг тогтоох боломжтой бөгөөд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх ажээ. Мөн тухайн ачааны галт тэргэгний байршлыг тогтоох боломжтой гэнэ. Энэхүү төслийг Солонгосын талтай хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих ажээ. Монголын говьд өрнөж буй бүтээн байгуулалтад энэхүү төсөл чухал хувь нэмэр оруулна хэмээн төслийн багийнхан хэлж байв.
Үзэсгэлэн зохион байгуулагчид энэ жилийн үзэсгэлэнд гарааны 20 байгууллага оролцож байгаагаараа онлогтой хэмээн тодорхойлсон. Тэгвэл бизнесээ эхлүүлээд байгаа гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсов.
“Монгол экологийн бордоо” үйлдвэрийн мэргэжилтэн, Монгол улсын гавьяат багш А.Чойжамц:
“Манай компани Монголдоо анх удаа биологийн бордоо үйлдвэрлэж байна. Малын болоод шувууны сангасыг идэвхт найрлагаар баяжуулан үйлдвэрлэдэг. Жилд 20-30 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. 1995 оноос хойш хийсэн судалгааны үр дүнг бүтээгдэхүүн болгож байгаадаа баяртай байна. Үзэсгэлэнд оролцсоноор цаашдын үйл ажиллагаанд маань сайнаар нөлөөлнө гэж харж байна” гэв.
“Арвин ургацын ундраа” ХХК-ийн захирал Д.Алимаа:
“Манай байгууллага монгол оронд ургаж буй тэжээлийн ургамлын үрийг түүж, стандартчилах, сортыг нь баталгаажуулах, тарималжуулах үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор царгас, хунчир, ерхөг, хялгана, согоовор зэрэг ургамлын үрийн сорт баталгаажуулаад байна. Манай нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн элэгдэлд ороод байгаа тул бэлчээрийн доройтлыг сэргээхэд бидний үйл ажиллагаа чиглэж байна. Өнөөдрийн үзэсгэлэнгийн ажиллагаанд сэтгэл өндөр байна” гэв.
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД