Бизнес

2016 оны шилдэг бизнесүүд 2016-11-30 13:17

 Бизнесийг босгодоггүй. Харин бойжуулдаг. Яг л хүүхэд шиг. Хүүхдийг байнга асарч, тойглож байж “гараас гарна”. Мөн урт хугацаа, тэвчээр шаарддаг.  Бизнес ч мөн адил. “Энтрепренер” сэтгүүлээс 2016 онд амжилттай бойжиж буй 360 жижиг, дунд бизнесийг шалгаруулсан байна. Ингэхдээ инноваци, нөлөөлөл, өсөлт болоод удирдлага гэсэн дөрвөн шалгуур тавьжээ. Энэ жилийн топ таван  энтрепренер бизнесүүдийг танилцуулж байна.

5. Noribachi
Noribachi бол гэрэлтүүлгийн компани бөгөөд Лос Анжелес хотын төв цэнгэлдэх, Черчилийн морин тойруулга зэрэг газрын гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэжээ.
Дибачи энэхүү компаниа 2008 онд байгуулсан юм. Тэрээр сүүлийн 100 жилд гэрэл, чийдэн хэрхэн хөгжиж ирснийг сайтар судалсан нэгэн. Өнөөдөр тус байгууллага 20000 гаруй үйлчлүүлэгчтэй болжээ. Тус компани долоо хоногт дунджаар 2500 лед гэрэл суурилуулдаг бөгөөд усан онгоцноос эхлээд томоохон байгууламжийн гэрэлтүүлгийг хийж байна.
750 ваттын гэрэл фаренгейтийн 700 хэм хүртэл халдаг. Тэгвэл хос дамжуулагч бүхий ламп суурилуулснаар халахгүй, мөн удаан хэрэглэх боломж бүрдэж байгаа ажээ. Энэ бол тэдний давуу тал.
4. TaskUs
Ахлах сургуулиасаа эхлэн найзалсан Брайс Мэйдок, Жаспер Вийр нар 2008 онд ТаskUs компанийг үүсгэн байгуулсан. Цахим үйлчилгээ явуулдаг бяцхан компани өдгөө хэдэн зуун ажилтантай аутсорсингийн компани болон өргөжсөн байна. Анх Филиппиний Манилад үйл ажиллагаагаа эхэлсэн. Өдгөө хэд хэдэн оронд салбараа нээн ажиллуулж байна. Тэдний санал болгож буй цахим үйлчилгээ хэрэглэгчийн цаг завыг хэмнэхэд чиглэгддэг.
3. Саrvana
Carvana нь АНУ-ын Аризона мужид төвтэй байгууллага бөгөөд машин худалдааны онлайн үйлчилгээ явуулдаг.  Carvana харьцангуй залуу бизнес бөгөөд 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч өдгөө АНУ-ын 16 муж улсад салбараа нээгээд байна. Бусдаас ялгарах гол давуу тал нь шинэ шийдэл юм. Carvana машин худалдаж авах үйл явцыг ундаа худалдаж авахаас ч  хялбарчилж чадсан юм. Үйлчлүүлэгч албан ёсны хуудаснаас машинаа сонгоно. Энэ үед үйлчлүүлэгчид машин авах эрх бүхий зоос ирнэ. Энэ зоос машин “авах эрхийн бичиг” бөгөөд ойролцоох  салбарт очоод машинаа авна. Ингээд л машин таных.
2. Avant
Avant бол зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд иргэдэд 1000- 35000 долларыг 2-5 жилийн хугацаанд зээлүүлдэг. Тэдний давуу тал нь мөн л банкнаас мөнгө зээлэхэд үүсдэг бэрхшээлүүдийг үгүй хийсэнд оршиж байна. Цахим өргөдөл, цахим анализ, цахим мөнгө шилжүүлэгэ. Мэдээж нууцлал өндөр. Хэрэглэгчийн дансны дугаар, хөрөнгийн мэдээллийг байгууллага чандлан хадгална. Энэ нь ч тэдний бас нэг давуу тал. 2012 онд АНУ-ын Чикаго хотод үйл ажиллагаагаа эхэлсэн тус байгууллага ердөө жилийн дараа 16 муж улсын иргэдэд зээл өгч эхлээд байв.
Avant 2015 онд Форбес сэтгүүлийн “хамгийн ирээдүйтэй стартап”-аар шалгарч байсан. Тус компанийг Алл Голдстэйн болоод Паул Жан нар үүсгэн байгуулсан юм.
1.Retailnext
2016 онд бойжилтоороо тэргүүлж буй шилдэг байгууллага бол Retailnext. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү байгууллага 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдаад удаагүй АНУ төдийгүй дэлхийн 50 гаруй орны үйлчлүүлэгчдийг хэдийнэ татаж амжжээ.
Retailnext шинээр бизнес эрхлэгчдэд тусалдаг. Тодруулж хэлбэл, шинээр бизнес эхэлж буй хүн бүхэнд зориулсан компьютер программ зохиодог гэсэн үг. Бизнест учирч болзошгүй саад, өрсөлдөгч, эдийн засгийн байдал, баримтлах бодлого, санхүү гээд бүх төрлийн мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийдэг программ юм. Тус байгууллагыг Алексей Аграчев, Мерлий Лию, Арун Наар нар үүсгэн байгуулжээ.
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД