Боловсрол

"Ялалтын маршал"-ын дурсгалыг хүндэтгэв 2016-12-02 13:32

Долдугаар сар бол монголчуудын баяр наадмын сар. Гэвч 1939 оны зун монголчуудын хувьд баярын бус түгшүүрийн харанга дэлдсэн сар байв. Монголын зүүн хилд япончууд халдаж, Зөвлөлт, Японы хооронд хэд хэдэн агаарын мөргөлдөөн болж оросууд ихээхэн хохирол амсаад байлаа.  Энэ эгзэгтэй үед Белорусийн цэргийн тойрогт дивизийн командлагчаар ажиллаж байсан Г.К Жуковыг Зөвлөлтийн Батлан хамгаалах ардын комиссар К.Е.Ворошилов яаралтай дуудаж ЗХУ-ын Монгол дахь Ажилчин, тариачны улаан армийн 57 дугаар онцгой корпусын командлагчаар томилжээ. Энэ шийдвэр Г.К Жуков өөрийн гайхалтай карьерыг эхлэхэд гол нөлөө үзүүлжээ. 
 
 
2016 онд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар маршал Г.К Жуковын 120 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хотод байрлах Жуковын хөшөө нь ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын Монголд айлчлахдаа заавал ирдэг газруудын нэг болжээ. 
 
Г.К Жуковын мэндэлсэн 12 дугаар сарын нэгний өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэх ёслол боллоо. Тус ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОХУ, БНХАУ, БНСУ, БНТУ-ын цэрэг, цэрэг агаарын атташе, туслах нар оролцсон юм.
 
Арга хэмжээний үеэр БХ-ын дэд сайд Т.Дуламдорж “маршал Г.К Жуковын монголчуудын төлөө хийсэн баатарлаг үйлсийг залуу хойч үе мартах ёсгүй, үргэлж хүндэлж явах учиртай” гэж хэллээ. Харин ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Г.М.Сулимук “монголчууд Г.К Жуковын ойг чухалчлан авч үзэж олон арга хэмжээг зохиож байгаад баяртай байна. Ялангуяа Монголын хойч үед түүний талаар таниулах зорилгоор гар зураг, эссэ бичлэгийн уралдаанд зарласан нь үр дүнтэй ажил боллоо” гэж ярилаа.
 
 
Хөшөөнд цэцэг өргөсний дараа зочид уламжлал ёсоор маршал агсны гэр музейгаар зочилсон юм. Монголчуудын “Ялалтын маршал” гэж нэрлэдэг Г.К Жуков нь одоогийн музей байрлаж буй байшинд 1939-1940 онд гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байжээ. Энэ бол Г.К Жуковын гадаад оронд байдаг цорын ганц музей юм.
Тус музейг Халх голын дайны ялалтын 40 жилийн ойд зориулж 1979 онд нээжээ. Музейн үзмэрийг бүрдүүлэхэд ЗХУ-ын БХЯ-ны төв музей, Монголын цэргийн музейгаас үзмэрийн зарим зүйл, түүнчлэн маршалын охиноос түүний хэрэглэж байсан хувийн эд зүйлийг авчээ.  
 
1930 онд баригдсан энэ барилга цагийн эрхээр хуучирч байсан учраас ОХУ-ын Элчин сайдын яам санаачлан засвар хийж 2007 оны хоёрдугаар сард музей дахин үүд хаалгаа нээсэн.  Музейн байнгын зочид нь сурагчид, цэргийн сургуулийн сонсогчид байдаг.
Энэ удаа музейд ирсэн зочид гар хоосон байсангүй. Монгол дахь Белорусийн элчин сайдын яамны хамт олон маршал Г.К Жуковын Белорусьт ажиллаж, амьдарч байх үеийг харуулсан гэрэл зургийн материалууд бэлэглэж музейн үзмэрийн санг баяжуулав. Харин ОХУ-ын элчин сайдын яам Монголын уншигч хүүхдүүдэд зориулж хэвлэсэн Г.К.Жуковын ажил, амьдралын талаарх номыг танилцуулсан юм.
Музейн үзмэрийг сонирхсоны дараа ОХУ, Белорусь улсын элчин сайд нар Г.К Жуковын 120 жилийн ойг тохиолдуулан зарласан “Дайны хор уршиг” зургийн уралдаанд түрүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа.
 
 

 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД