Ногоон эдийн засаг

Ой бол орлогын эх үүсвэр 2016-12-09 16:03

Өнөөдөр болсон “Ой судлаачдын хурал”-д оролцогч эрдэмтэд “ой бол орлогын том эх үүсвэр” хэмээн онцлов. Харин ой модыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төрийн зохицуулалт шаардлагатай байгаа аж.

Монгол Улсын газар нутгийн 10 гаруй хувийг ой эзэлдэг. 1990 оноос өмнө манай улсын орлогын 30 гаруй хувийг ойн салбар бүрдүүлдэг байв. Тэр ч үүднээсээ энэ салбарт ихээхэн анхаардаг байжээ. Харин 1990 оноос хойш ойн салбар төрийн анхаарлын гадна хоцорсон. Тэр хэмжээгээр эдийн засгийн орлого буурч, ойн хэмжээ ч жилээс жилд сийрэгжсээр байна. Үр дүнтэй менежмент, алсын хараатай бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
 
БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “40 жилийн дараа манай улс ойн иж бүрэн тооллого хийлээ. Удахгүй судалгааны үр дүнг танилцуулна. Энэ тооллогын үр дүнгээс харвал бидний барьж ирсэн ойн бодлого бурууджээ гэж дүгнэхээр байна. Цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манай орны ойн 80 гаруй хувь нь хөгширсөн. Нарийн судалгааны үндсэн дээр хөгширсөн хэсгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах. Мөн залуу ойг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа” гэв.
 
Манай улсын ой сибирийн шилмүүст ойн төгсгөл хэсэг юм. Ойн эзлэх хэмжээ бусад орнуудтай харьцуулахад бага. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан ойн хэмжээ улам бүр сийрэгжсээр байна. 2015 онд хийсэн тооллогоор манай орны ойн талбай сүүлийн таван жилд 759.2 мянган га-аар багассан үзүүлэлттэй байна. Зөвхөн түймэрт л гэхэд 1,2 сая га ой сүйджээ. Тэгвэл хэрхэн нөхөн сэргээх вэ?
 
Доктор. А.Уянга “Хүний хүчин зүйлээс гадна байгаль өөрийгөө нөхөн сэргэх чадварт анхаарлаа хандуулах шаардлагатай. Газар бүрийн ой ялгаатай байдаг. Тухайн ой ямар модоор, хэдий хугацаанд нөхөн сэргээгддэг зэрэг нарийн мэдээллийн үндсэн дээр нөхөн сэргээлт хийвэл илүү үр дүнд хүрнэ. Өнөөдөр тэр шинж чанарыг судалсан нэгдсэн судалгаа, мэдээлэл шаардлагатай байна. Цаашид 200-300 жилийн настай ойн нөхөн сэргээгдэх шинж чанарын талаар судалгааг эрчижүүлэхээр ажиллаж байна” гэв.
 
Тус хурлын үеэр ой төдийгүй хотын ногоон байгууламжийн талаар хэлэлцэв. Дэлхийн бусад оронд хотоо өндөр барилгаас гадна моддоор чимдэг. Хотын ногоон байгууламж агаар цэвэршүүлэхээс гадна, дуу чимээг хязгаарлах, тоосжилтын хэмжээг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Манай хотын хувьд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 20-30 дахин илүү байгаа. Утааны гол эх үүсвэр болох гэр хорооллын айлууд нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 20 мянган га-г эзэлж байна. Эдгээр айлуудын 40 хувь нь хашаандаа ямар ч модгүй байгаа юм.
 
Улаанбаатар хот ногоон байгууламж муутай. Дэлхийн стандартад нэг хүнд 12-15 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ноогдоно хэмээн заасан байдаг. Манайд 5-6 метр л ноогдож байна. Иймээс ч агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Ногоон байгууламж нэмэгдүүлэхийн тулд аргачлал болоод сэтгэл хэрэгтэй. Барилга, байгууламжийн эзлэх нийт талбайн 20-оос доошгүй хувийг ногоон байгууламж эзлэнэ хэмээн хуульчилсан. Гэтэл өнөөдөр энэ заалт хэрэгжихгүй байна. Монгол орны ой ард түмний өмч юм. Энэхүү өмчөө зөв захиран зарцуулж, арчилж тордсоноор эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч “ашиг” хүртэх боломжтой талаар хуралдаанд оролцогчид сануулж байв. 
 
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД