Эрүүл мэнд

Агаарын бохирдлын үед хэрэглэх хүнс 2016-12-12 18:40

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр агаарын бохирдол жил бүр долоон сая хүний аминд хүрч байна. Агаарын бохирдол архаг бронхит, зүрхний дутагдал, уушигны хорт хавдар, багтраа зэрэг өвчин үүсгэдэг. Нийслэлийн иргэд төр засагт эрүүл мэндээ даатгах бус өөрийн болоод гэр бүлийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах шаардлага тулгараад байна. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах шилдэг арга бол зориулалтын амны хаалт хэрэглэж занших юм. Үүнээс гадна доорх хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр болзошгүй өвчлөлөөс сэргийлж чадна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн С болоод Е витамин агуулдаг. Үүнээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, амьсгалын эрхтнүүдийг цэвэршүүлдэг нь тогтоогджээ.

Ингээд агаарын бохирдолтой бүсэд амьдарч буй иргэдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгож буй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Оливын тос
Е витаминаар баялаг бүтээгдэхүүн бол оливын тос. Е витамин бол уушгины гол “хүнс”. Үүнээс гадна оливын тосонд агуулагдах тосны хүчил үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Дээрх нэгдлүүдийг алдагдуулалгүй хэрэглэх шилдэг арга бол түүхийгээр нь хэрэглэх. Чанах, шарах үед идэвхит химийн нэгдлүүд алга болдог. Иймээс ногооны салатанд хольж хэрэглээрэй.
Маалинга цэцгийн үр
Маалингын үрэнд фитоэстроген болоод гурван төрлийн омега хүчил агуулагддаг. Астма болоод харшлын шинж тэмдгийг дарах үйлчилгээтэй. Маалингын үрийг салад, жигнэсэн болоод чанасан бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл үр дүнтэй.
Авокадо
Английн “Кингс Коллеж“-ийн судалгаагаар авокадод агуулагдах Е витамин агаарын бохирдлын үед уушгинд үүсэх хорт бодисыг бууруулдаг нь тогтоогджээ. Багтраа өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийн дунд судалгаа явуулахад буурцагт байцаа, авокадо хэрэглэдэг хүмүүсийн эдгэрэх явц илүү хурдан байжээ.
Брокли
Жонс Хопкинс их сургуулийн харьяа анагаах ухааны тэнхимийн судалснаар брокли хэрэглэдэг хүний биеэс агаарын бохирдлоос үүдэлтэй хорт бодис илүү хурдан гадагшилж байгаа нь тогтоогджээ. Энэ нь брокли байцаанд анти-карцироген /карцироген нь хорт хавдар үүсгэдэг бодис/ ихээр агуулагддагтай холбоотой ажээ. Судалгаанд оролцогчдод ус, далдуу модны шүүс, ханборгоцой болоод броклийн микс өгчээ. Харин нөгөө хэсэгт нь дээрхтэй адил орцтой, гэхдээ броклигүй микс уулгажээ. Судалгааны үр дүнгээс харахад брокли уусан хүний биенээс хорт хавдар үүсгэгч бензол, акролейн зэрэг нэгдлүүд илүү хурдан гадагшилж байжээ. Эдгээр нэгдлүүд нь авто машины утаанаас ялгардаг байна.
Улаан лооль
Улаан лоолинд антиоксидант, ликопин зэрэг ашигтай нэгдлүүд агуулагддаг. Эдгээр нэгдлүүд нь амьсгалын замын өвчнүүдээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.
 М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД