Ногоон эдийн засаг

Нэг сумаар олон туулай 2016-12-14 15:13

 Монгол улс хэрэглээний гялгар уутныхаа 90 хувийг Хятад улсаас импортлодог. Төдий хэмжээний хөрөнгө гадагш урсан гардаг. Гялгар уут байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Тэгвэл даавуун тор хэрэглэж хэвшэснээр “нэг сумаар хэд хэдэн туулай буудах” боломж бий болно.

Гялгар уут бидний эрүүл мэндэд бодит аюул учируулж байна. Гялгар уутанд кадми, полистерин, карцероген /хорт хавдар үүсгэгч/ зэрэг 10 гаруй химийн нэгдэл агуулагддаг. Эдгээр бодис хорт хавдар, төрөхийн хүндрэл, дархлалын системийн өвчлөл болоод хүүхдийн өсөлт хөгжилтийг сааруулах зэрэг олон уршигтай.
Хүний эрүүл мэнд төдийгүй байгаль орчин, ургамал, амьтанд ч хохирол учируулсаар байна. Дэлхий даяар жилд 1,3 тэрбум тонн хог хаягдал бий болдгийн 30 хувь нь гялгар уут эзэлж байна. Манай орны 3000 га-д 447 ил задгай хогийн цэг байдаг. Эдгээрийн 13 хувийг нь мөн л гялгар уут эзэлж байгаа юм. Иргэд даавуун уут хэрэглэж хэвшсэнээр эдийн засгийн давуу тал үүсэхээс гадна эрүүл мэнд, байгаль орчноо ч хамгаалж чадна.
“Технож” Бизнес Инкубатор төвийн захирал Г. Галаарийдий “ Хот төдийгүй хөдөө орон нутагт гялгар уут их байна. Тэр хэмжээгээр гол ус, ургамал, амьтны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж буй. Манай байгууллага, Дэлхийн Зөн, Канад сан, Флом зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ногоон санаачилга дэвшүүлж байна. Энэ нь ирэх оноос эхлэн сар бүрийн 11-ний өдрийг гялгар уутгүй өдөр болгох юм. Ингэснээр гялгар уутны хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн тухай, мөн эдийн засгийн алдагдлыг олон нийтэд таниулах юм” гэв.
Давуун тор хэрэглэж заншсанаар бас нэгэн давуу тал үүснэ. Манай улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ тоог нийт өрхөд хувааж үзвэл долоон өрх тутмын нэгд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ноогдож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд олон төрлийн саад тохиолддог. Тэгвэл иргэд даавуун тор хэрэглэж заншснаар эдгээр иргэд тогтмол ажлын байраар хангагдах боломжтой болох юм.
“Технож” Бизнес Инкубатор төвийн захирал Г. Галаарийдий “Дэлхийн зөнгийн Баянхошуу, Хан-Уул, Дундговийн салбарын нийт гурван бүлгийн 30 иргэн, "Флом" олон улсын байгууллагын сонсголын бэрхшээлтэй иргэдийн хоёр бүлгийн 20 иргэн сургалтанд хамрагдаж ажлын байраар хангагдаад байна. Хэрэв иргэд даавуун тор хэрэглэж хэвшвэл энэ тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой” гэв.
Бид уут төдийгүй улавч зэрэг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Харин иргэд хэрэглээндээ багахан өөрчлөлт оруулснаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс гадна эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчноо аврах боломж нээгдэх юм. 
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД