Мөнгөний бодлого

“Бизнес эрхлэгчид жилд 18 хувийн хүү төлдөг ч банкууд огт өөрчлөгдсөнгүй” гэв 2016-12-16 11:39

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Валютын ханшийн өсөлт, Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч  О.Орхон, МҮХАҮТ-ын ТУЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
 
Хэлэлцүүлгийн эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Төгрөгийн сулрал бизнес эрхлэгчдийг бүх шатандаа хямрал дээр улам хямруулж байна. Зургадугаар сараас хойш нэг ам.долларын ханш 1900-2500 төгрөгт хүрчихсэн. Энэ 20 гаруй хувийн уналтаас болж бизнесийнхэнд ашгийн тухай ойлголт байхгүй болсон. Ядаж 7-8 хувийн ашиг ольё гэсэн ч ханшийн өсөлтөд идэгдчихэж байна. Гэтэл татварын тоон дүнг харахад биелэлт сайн харагдаж байна. Гэвч энэ нь оны эхнээс хийгдсэн татварын шинэчлэл, Ил тодын хуулийн хэрэгжилт, НӨАТ-ын татвар төлөлт нэмэгдсэнтэй холбоотой болохоос биш төр, засаг сайн ажиллаж эдийн засаг сайжирч байгаагийнх биш юм.
 
Авдаггүй татвараа авч эхэлсэн гэсэн үг. Нөгөө талаас компаниуд сүүлийн 25 жил дөрвөн удаа хямралд өртөхдөө өнөөдрийнх шиг ингэж 2013 оноос хойш дөрөв дэх жилдээ орж буй хямралыг үзээгүй. Макро эдийн засаг дээрээ Засгийн газар тодорхой бодлого гаргаж чадахгүй байна. Үүнээс болж бид хямралд идэгдээд дуусч байна. Валютын ханшийн өсөлтөд сонгуулийн өмнө, хойно бэлэн мөнгө гаргасан улстөрчдийн шийдвэр, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, элдэв урамшуулал, татаасын хэлбэрээр зах зээлд үргүй цацсан их мөнгө зэрэг төр, засгийн алдаа ихэнхдээ нөлөөлсөн боловч энэ алдаанаас болж бизнесийнхэн, баялаг бүтээгчид нь хохироод байгаа болохоос нэг ч улстөрч, төр, засаг хариуцлага хүлээхгүй байна” хэмээн хэллээ.
 
Харин Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан арга хэмжээг бүгдийг нь зогсоож зөвхөн Ипотекийн зээлийг л үргэлжлүүлж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч төр, засаг ч, удирдлага нь шинээр бүрдээд байгаа Төвбанк ч өмнөх алдааг давтахгүйг хичээж байна. Тийм учраас бид  бэлэн мөнгө их тарааж төгрөгийн ханшийг сулруулсан, бондын хөрөнгөө ашигтай хэрэглээгүй зэрэг алдаанаас сургамж авах учиртай” гэж хэллээ. Түүнчлэн тэрбээр “Өнгөрөгч саруудад зээлжих зэрэглэл тодорхойлдог олон улсын байгууллагууд манай зэрэглэлийг бууруулсан. Харин Standard&Poors-ийн гаргасан хамгийн сүүлийн тайланд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсангүй. Энэ бол эерэг дохио” хэмээн онцлон тэмдэглэлээ.
 
Ингээд хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл үгээ хэлэх мөчид уур амьсгал нэлээд ширүүн болов. Хамгийн түрүүнд “Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан үг хэллээ. Тэрбээр “Дэлхий нийтээрээ ил тод, нээлттэй болж байна. Рио Тинто, BHP Billiton зэрэг томоохон компаниуд санхүүгийн бүх тайлангаа цахим хуудсандаа нээлттэй мэдээлдэг. Иймд Монголбанкны Ерөнхийлөгч валютын албан нөөцөө мэдээлсэн нь зөв. Энэ мэдээлэл нууц байх ёсгүй, бид мэдэх эрхтэй. Бизнес эрхлэгчид банкуудад жилд 18 хувийн хүү төлдөг.
 
Гэтэл банкууд огт өөрчлөгдөхгүй байна. Хувийн шуналдаа хөтлөгдөж бүх салбар руу орлоо. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсныхаа дараа Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ч мөн авлаа. Эдгээр үйлдвэрүүд ойрын 10, 20 жилдээ ашиг авчрахгүй. Эрдэнэт үйлдвэр 70 метрийн гүнээс зэс олборлож, агууламж нь буурсаар байна. Гэтэл зээлээр авчихсан. Одоо энэ үлгэрээ зогсоо. ХХБ 500 сая ам.долларын бонд босгохдоо Засгийн газраас баталгаа гаргуулсан. Дөрвөн жилийн дараа эргүүлэн төлнө. Хэрэв банк төлж чадахгүй бол татвар төлөгчид төлөх болж байна” хэмээн хэллээ.
 
Харин Эдийн засгийн ухааны доктор, судлаач Т.Баярхүү “Миний ойлгож буйгаар бид сүүлийн хорин үйлчилсэн мөнгөний бодлогын золиос болж байна. Хэрвээ оношийг нь зөв тавихгүй бол сая хэлсэн бизнес эрхлэгч шиг аваагүй зээлийнхээ төлөө төлбөр төлнө. Өөрөөр хэлбэл сонгодог утгаараа эдийн засгийн аллага гэж нэрлээд буй үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт эцсийн дүндээ биднийг ийм байдалд авчраад байна.
 
Дөнгөж сая Монголбанкны дэд ерөнхийлөгч цаашдаа эдийн засаг хүндэрвэл “Санхүүгийн систем унана” гэж хэллээ. Би санал нийлэхгүй. Тийм зүйл байхгүй. Төрийн мөнгөний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ХААН, Төрийн банкууд үлдэнэ. Харин их хэмжээний мөнгөн дээр тоглодог Голомт, ХХБ-ууд эвгүйтнэ” гэв.
 
Эцсийн дүнд хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хэлсэн бизнес эрхлэгчдэд валютын ханшийг хөрвүүлэх бус чөлөөтэй тавьж, экспортлогч ААН-үүдэд дэмжлэг үзүүлэн алтыг хямдаар биш үнэтэй авч валютын нөөцөө хамгаалах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД