Улс төр

“Тийм, би угаасаа хоцордог юм" 2016-12-19 11:02

Оросын Ерөнхийлөгчийн хоцордог нь нэг ёсны домог болж, Кремлийн сэтгүүлчдийн ярьж буйгаар Путины уулзалтууд яг цагтаа эхэлнэ гэдэг тун ховор үзэгдэл аж. 
2013 онд Путин Ромын Паптай уулзахдаа 50 минут хоцорсон. Тэгэхэд Оросын "Московский комсомолец" сонинд “Путин Бурхны элчийг хүлээлгэв” гэсэн нийтлэл гарч байв. Италийн хэвлэлүүдэд Папын туслахууд Оросын ерөнхийлөгчийг хүлээж цаг орчим хүйтэнд даарч зогслоо гэж бичиж байлаа.
Украйны Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг 4 цаг хүлээлгэж тэвчээрийг нь “шалгажээ”. Европын ерөнхийлөгч, ерөнхий сайдуудтай уулзахдаа ч тэр байнга хоцордог.  Ангела Меркельтэй уулзахдаа хоёр ч удаа хоцорчээ.  2012 оны 6 дугаар сарын нэгэнд Меркель В.Путиныг цаг гаруй хүлээсэн.  2014 оны 10 дугаар сард Миланд болсон уулзалт товлосон цагаасаа 4 цагийн дараа эхэлсэн. 
В.Путины хоцордог зуршил ерөнхийлөгч болох үеэс эхэлжээ.  2003 онд Английн Хатан Хаантай уулзахдаа 15 минут хоцорсон. 2006 онд Испаний Ван Хуан Карлосыг 20 минут, 2011 онд Шведийн Ван Карл Густавыг 40 минут хүлээлгэжээ. 2012  онд Мексикт болсон “Их 20”-ын уулзалтын үеэр Барак Обама Путиныг 40 минут хүлээж зогссон байна. 
2002 онд онгоцны ослоор нас барагдсын ар гэрийнхнийг оршуулгын газарт 2 цаг хүлээлгэж зогсоосон.
2012 онд Жон Керритэй Москвад уулзахдаа 3 цаг хүлээлгэж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан В.Путиныг хүлээх зуураа Улаан талбайгаар зугаалахаас өөр аргагүй болжээ. Жон Керриг зугаалж байхад Оросын Ерөнхийлөгчийн хүлээн авах зааланд Израйлын Ерөнхий сайд Беня Нетаньяху 30 минут,  Их Британий Ерөнхий сайд Кэмерон 1,5 цаг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 2 цаг В.Путиныг хүлээж суужээ.  Тэр үед НҮБ дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин CNN телевизэд ярилцлага өгөхдөө “Дипломат орчинд уулзалт хойшлогдох, хүлээх явдал байнга гардаг” гэж хэлжээ.
Гэвч В.Путин хэвлэлийн бага хурал, томоохон арга хэмжээн дээр яг цагтаа ирдэг учраас зарим ажиглагчид В.Путины гадныхантай уулзахдаа байнга хоцордог нь цаагуураа зорилготой, нарийн боловсруулсан сэтгэл зүйн тактик гэж үздэг. 
2014 оны есдүгээр сард В.Путин Монголд айлчлахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хүндэт харуулын хамт төв талбайдаа хоёр цаг хүлээжээ. В.Путины онгоц яагаад товлосноосоо хоёр цагийн дараа газардсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн алба мэдээлэл өгөөгүй. Гэхдээ В.Путиний тамгын газрын нэгэн эх сурвалжийн «Московский комсомолец» сонинд ярьснаар Оросын Ерөнхийлөгч чухал уулзалтын өмнө хэлэлцэх бүх асуудлыг нэгд нэггүй шалгаж, мэдээллийн эх сурвалжуудыг өөрийн биеэр шалгадаг байна. Үүнээсээ болж цагаасаа хоцрох нь элбэг ажээ.
 
 
Г.Даваадорж

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД